“Meta Platforms Inc” компани түүхэндээ анх удаа ногдол ашиг тараахаар болов. Тодруулбал, тус компани ирэх гуравдугаар сарын 26-ны өдөр хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 50 центийг ногдол ашиг хэлбэрээр олгох юм байна. Тус компанийн мөнгөн хөрөнгө өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 65.4 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөх үеэс 60.6 хувиар өсчээ.

“Meta Platforms Inc” компани хоёрдугаар сарын 1-ний өдөр өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа олон нийтэд танилцуулсан. Тайлангийн үзүүлэлт нь хүлээлтээс давсан бөгөөд тус компани анх удаа ногдол ашиг тараахаа мэдэгдсэн юм. Үүний дараа “Meta Platforms Inc” компанийн хувьцааны ханш бирж хаагдсаны дараах арилжаагаар 14 хувиар өсжээ.

Тус компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин өсөж, нэгж хувьцаанд ногдох ашиг тайлангийн үзүүлэлтээр 5.33 ам.доллар болж, борлуулалтын орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсөж, 40.1 тэрбум ам.долларт хүрснээр шинжээчдийн хүлээлтийг давсан байна.

Өдрийн дундаж хэрэглэгчдийн тоог шинжээчид 2.08 тэрбумд хүрнэ гэсэн хүлээлттэй байсан бол тайлангийн үзүүлэлтээр 2.11 тэрбумд хүрчээ.

Мөн тайланд “Мета”-гийн удирдлага нийт 50 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцааг эргүүлэн худалдаж авах шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхийг зөвшөөрсөнийг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: INVESTING, FORBES
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу