БНСУ-аас автомашин импортлогчдын холбооны гишүүд, автомашины худалдаалагчид “Гаалийн ерөнхий газар”-т хандаж өнөөдөр (2024.02.05) хэвлэлийн хурал хийлээ. Тэд автомашины гаалийн татвар нэг өдрийн дотор есөн сая төгрөг болж нэмэгдсэн гэх асуудлыг хөндсөн бөгөөд холбогдох баримт бичгийг цуглуулан шүүх, хяналтын байгууллагад хандахаа илэрхийлсэн юм.    

Энэ талаар “БНСУ-аас автомашин импортлогчдын холбоо”-ны тэргүүн А.Алтангэрэл “Өмнө нь үнэлэгдээд гарсан үнэлгээ үнэ байгаа, харин нэгхэн өдрийн дотор есөн саяар нэмэгдсэн асуудлаа тайлбарлаад өгөөч ээ. Яг худалдаж авсан үнээ шалгуулъя гэхээр хүлээж авахгүй байгаа юм.

Гаалийн бүрдүүлэлтийн газраас “Бид үнэ татвар нэмээгүй, интернэтээр хараад, үнийн харьцуулалт хийж байна” гэсэн хариулт өгсөн. Интернэтэд байгаа дугаар бүртгэлтэй шинэ машины үнийг бидний оруулж ирсэн хуучин машины үнэтэй харьцуулаад байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

БНСУ-аас ашиглалтаас гарч байгаа хуучин машиныг оруулж ирэн, капитал засвар хийснээр худалдаж байгаа. Бүх л худалдаачин ийм нөхцөлтэй шүү дээ, нуух зүйл биш. Буурай улсын иргэд ингэж л эргэлтэд оруулж байдаг. Гэтэл ганцхан өдрийн дотор 3 сая байсан татвар 9 сая болчихсонд гайхаад байна. Манай холбооны зүгээс шүүх болон холбогдох газруудад гомдол мэдүүлэхээр нотлох баримт цуглуулж бэлтгэсэн” гэсэн юм. 

“Иргэн А.Алтангэрэлийн хэлсэн хэлцлийн үнээр цаашид явах боломжгүй, дагалдах бичиг баримт хоорондоо зөрсөн гэх асуудалтай” гэх дүгнэлт гарсан”

ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.ЛхагвасүрэнБүрдүүлэлтийн цахим төвийн улсын байцаагч нар гадаад худалдаа эрхлэгч нартай ямар нэгэн нүүр тулсан харилцаа байхгүй. Бүрдүүлэлийн мэдүүлгийн ажил цэвэр цахимаар явагддаг болсон. Гагцхүү барааг дагалдан ирсэн бичиг баримтад тулгуурлан үзлэг хийж, үнэ тогтоодог. Иргэн А.Алтангэрэлийн асуудалд Гаалийн улсын байцаагчийн, “Иргэн А.Алтангэрэлийн хэлсэн хэлцлийн үнээр цаашид явах боломжгүй, дагалдах бичиг баримт хоорондоо зөрсөн гэх асуудалтай” гэх дүгнэлт гарсан” хэмээн хариуллаа.

“БНСУ-аас автомашин импортлогчдын холбоо”-ны тэргүүн А.Алтангэрэлийн бүрдүүлж ирсэн бичиг баримт, гомдлыг ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга хүлээн авч, мөн өөрийн гомдол саналаа Гаалийн ерөнхий газарт гаргахыг хүссэн юм. Энэхүү маргаан хэлэлцээрийн шатанд яваа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдсэний дараа хэвлэл мэдээлэлд нээлттэй зарлана гэж ГЕГ-аас мэдээллээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу