“Чилид ой хээрийн түймрийн улмаас 99 хүн амиа алдаад байна” гэж тус улсын эрх баригчдын мэдээлснээс иш татан “CNN Chile” Ням гарагийн үдээс хойш мэдээлжээ. Вина-дель Мар, Валпарайсо зэрэг далайн эргийн хотууд утаанд автаж, төвийн бүс нутагт амьдардаг хүмүүс гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн тул онц байдал зарласан байна.

Үндэсний гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах албаны дарга Алваро Хормазабалын хэлснээр, Чили улсын хэмжээнд 161 түймэр асжээ. Тэрбээр “CNN Chile” сувагт ярихдаа “Гал сөнөөгчид эдгээр түймрийн 102-ыг нь унтраасан бөгөөд одоогийн байдлаар 40 түймрийг цурманд оруулж, 19-ийг нь унтраахаар ажиллаж байна” гэжээ.

Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борич өнгөрсөн Ням гарагт гамшигт нэрвэгдсэн газруудад очсоныхоо дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй талаар мэдэгджээ. Тэрбээр Даваа, Мягмар гаргуудыг гал түймэрт өртсөн хүмүүсийн төлөө үндэсний гашуудлын өдрүүд болгон зарласан байна.

Куилпуэ хотын дарга Валериа Мелипиллан “CNN Chile”-д хэлэхдээ, уг түймэр бүс нутагт дэгдсэн хамгийн том түймэр байж магадгүй бөгөөд тус хотын 1400 орчим байшин барилга эвдэрсэн байна. Мелипиллан хотын эрх баригчид нүүлгэн шилжүүлэх ажил үр дүнтэй байгаа ч гамшигт өртсөн бүс нутгийн зарим хүмүүс орон гэрээ орхихыг хүсээгүй талаар нэмж хэлжээ.

Ромын пап Франциск “X” сүлжээнд бичсэн жиргээгээрээ дамжуулан Чилийн төв хэсэгт дэгдсэн гамшигт түймрийн улмаас нас барсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн төлөө залбирахыг уриалсан байна.

Чилийн нийслэл Сантьяго хотод өдөр дараалан 33 хэмээс дээш халж, хуурайшилт ихсэж байгаа тул түймэр гарч байгаа аж. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт, Эль Ниногийн цаг агаарын үзэгдэл зэрэг нь хэт халах, гал түймэр гарах эрсдэлүүдийг улам нэмэгдүүлж буй хүчин зүйлс болж байгааг онцолж буй юм.

Өнөөдрийн байдлаар, ой хээрийн түймэр гарсантай холбогдуулан нэг хүнийг саатуулсан талаар “CNN Chile” мэдээлжээ. Саатуулагдсан эрэгтэй Чилийн төв хэсэгт орших Талка хотод гагнуур хийх үедээ санамсаргүйгээр гал алдсаны улмаас ойролцоох бэлчээрт гал тархсан гэж цагдаагийн газраас мэдээлснийг “CNN Chile” уламжилсан байна.

Чилийн эрэг дээрх Валпараисо боомт хот суурин газартай ойрхон бөгөөд хотын даргын мэдээлснээр, 372 орчим оршин суугч сураггүй алга болжээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу