“Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягийг “Ногоон автобус”-ны хэрэгт яллагдагчаар татан, өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд цагдан хорьсон билээ. Тэрбээр дөрвөн сарын турш хоригдож буй юм. 

Түүнийг үргэлжлүүлэн хорихоор болжээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн саналыг өнгөрсөн Баасан гарагт хэлэлцэж, улмаар А.Ганхуягт үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдуулж, “Тэнүүн-Огоо” компанийн А.Ганхуяг, компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг хуулийн байгууллагаас саатуулан шалгаж буй билээ.

Саатуулагдсан хүмүүсээс зарим нь үнэнээ хүлээж, зарим нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагуудын хууль бус ажиллагааг илчилсэн бол тус компанийн захирал А.Ганхуяг мэдүүлэг өгөхөөс удаа дараа татгалзсан гэх мэдээлэл бий юм.

А.Ганхуяг парк шинэчлэл хийх автобусны урьдчилгаа болох 130 орчим тэрбум төгрөгийн 70 тэрбумыг БНСУ-ын тал руу шилжүүлсэн нь тогтоогдсон бол үлдэгдэл 60 тэрбум төгрөгийг хаана нуусан, хадгалсан, байршуулсанаа хэлэхгүй байгаа талаар ч мэдээлэл цацагдаж байв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу