“Номин талст” хамтлаг 1997 онд 17-19 насны хөвгүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, нэгэн цагт сонсогчдыг байлдан дагуулж байсан. Он жил улирсаны ард тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн нар сүүлийн үед хамтран тоглолт хийх болсон. Харин гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших (Өөжгий) тэднийг бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна хэмээн үзсэн бололтой.

Д.Өлзий-Орших: “Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дууг Дээгий та хоёр дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүрмөсөн хориглож байгаа шүү. Өнөө, маргаашаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх. Ер нь надад ашиг өгдөггүй, өөр улсуудыг тэжээдэг дуунууд хаана ч дуулагдах шаардлагагүй” хэмээн мэдэгджээ.

Монголдоо төдийгүй Австрали гэх мэт гаднын орнуудаар ч дуулагдсан “дуунууддаа нэг л харам хандаж байна” хэмээн иргэд сэтгэгдлээ бичиж байлаа. “Дууг зохиохоос гадна олонд таниулан түгээсэн дуучин нь ч өмчлөх эрхгүй юм гэж үү” гэх сэтгэгдэл ч явж харагдана лээ.

Харин А.Хаянхярваа энэхүү мэдэгдэлийн хариуд, “Саяхан даа, бие даасан тоглолтоо хийх гээд миний дүү ахынхаа тоглолтод оролцоод өгөөч. Чамд бүх насаараа дуулах эрх өгье гэж тохиролцоод, гар бариад бөөн юм болсон доо” гэжээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу