Ээж, аав минь баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд тийм ч их ач холбогдол өгдөггүй юм. Түүнийг нь би яг дуурайчихсан. Олон бужигнасан, чимээ ихтэй газарт дургүй, гэртээ л өнждөг хүүхэд байв. Манайх суманд байдаг тул сар шинийн баяраар гарын арван хуруунд багтахуйц тоотой хэдхэн айлаар орж, золгодог. Ээжийн хоёр эгчийнхээр ороход нь би дагаж явна.

Бусад үед нь гэртээ үлдэж, аав ээжийг байхгүй хойгуур зочин ирэх вий гээд, хаалгаа гаднаасаа цоожлуулдаг. Найзуудынх, зарим хамаатнуудынхаар орох гэхээр бэлэг горьдож байгаа мэт санагдаад, таг гүрийдэг байсан юм. Ахлах сургуулиа төгстөл ийм байдлаар сар шинийн баярыг өнгөрүүлэв. 

Оюутан болоод, Улаанбаатарт ирснээс хойш цагаан сар, шинэ жилийн баяр зэргийг ганцаараа, эсхүл найзтайгаа хоёулханаа угтдаг боллоо. Энэ үед сумандаа угтдаг байсан шинэ жил, хөдөөний цагаан сар үгүйлэгдэж эхэлсэн юм. 

Сар шинийн баяраас 10 гаруй хоногийн өмнө бэлтгэлээ эхэлж, бууз, боовоо хийнэ. Хийхдээ нэгэндээ зар тараана. “Манайх өнөөдөр буузаа хийх гэж байна. Завтай бол ирж, мах татаарай. Боломжгүй бол орой ирж чимхээрэй” гээд л, хамаатны хэд рүүгээ утас цохино. Бууз хийсэн тэр оройгоо дараагийн айлуудынхыг хэзээ хийх хуваарь гаргана. Ингэж бууз, боовоо жин тан болгочихоод, битүүний өмнөх өдрөөс их цэвэрлэгээгээ хийдэг байв.

Аав, эрэгтэй дүү хоёр хашаа хороо цэвэрлэж, би ээжтэй хамт хана таазаас эхлээд гэрийн бүх зүйлээ арчиж “толийлгоно”. Шкафны арын ханыг цэвэрлэхээр байрнаас нь хөдөлгөхөд жаахан дүүгийн минь олддоггүй тоглоом гарч ирж, бөөн баяр болно. Өдөржин хөдөлж, шөнө дунд хивсээ арчсанаар их цэвэрлэгээ дуусдаг байв.

Маргааш нь битүүн болоход аав бөхөө үзэж, бусад нь тавгийн идээгээ засдаг байлаа. Ингэж их ажил болж бэлдчихээд, шинийн нэгний өглөө үндэсний дээл хувцсаа өмсөж, мөрөө гаргахыг догдлон хүлээдэг байв.

Хүсэн хүлээдэг, дуртай ганц баяр минь Улаанбаатарт ирэхэд утга учиргүй болсон юм. Увс аймаг руу ойр ойрхон яваад байх боломжгүй учир ёс болгож ааруул, печениэр жижигхэн таваг засчихаад, үд хүртэл унтах байдлаар дөрвөн шинийн нэгэнтэй золгох нь тэр.

Харин туулай жилийг гэртээ угтах боломж гарч, өнгөрсөн жилийн цагаан сарыг нутагтаа тэмдэглэсэн юм. Тэр үед бүх зүйл нандин санагдаж, төдийлөн ярилцаад байдаггүй аавын жижигхэн үйлдлээс хүртэл хайр мэдэрч билээ. Айл хэсчихээд, гэртээ ирээд, ээж солилцсон бэлгээ цүнхнээсээ нэг бүрчлэн гаргав. Тэгснээ “Эндээс чамд авах зүйл байна уу” гэлээ.

Өнөөх бэлгүүдийг нь харж суутал хажуугаас аав “Саван, шампунь байгаа юу. Энийг аваад явмаар юм биш үү” гээд, 500 мл-тэй шампунь руу заав. “Энэ гэрээс авах юм байвал аваад яваарай” гэж аав минь хэд хэдэн удаа хэлсэн. Харин ээж аавыг дарах маягтай “Бид өөрсдөө яах юм бэ” гээд инээнэ. Ямар сайндаа л би шүдээ угааж байхдаа “Ямар гоё оо вэ” гэхэд “Аваад яв аа” гэж байх вэ дээ.

Энэ бүх сэтгэлийг би өмнө нь анзаардаггүй байсан юм билээ. Заримдаа намайг уйлтал тоглоом хийж, заримдаа загнадаг байснаар л би аавыгаа боддог байжээ. Одоо сайн ухаарсан. Өөрөө гадаадаар явж, галуу шувууны мах идэж хараахан үзээгүй ч тэднийгээ халуун орноор аялуулах юмсан гэж бодож сууна. 

Тэр жилийн сар шинээр би ээжийн хоёр эгчийнхээс гадна 10 гаруй айл хэссэн. Орсон айл бүр хүндэтгэлтээгээр угтаж, дайлж цайлж байгааг хараад их сайхан санагдсан юм. Удахгүй хот буцахыг сонссон үеэл ах, эгч нар гэртээ цай уухыг урьж, халуун дотноор үдэж өгцгөөсөн.

Өмнө нь би цагаан сараар “Очсон ч, очоогүй ч ялгаагүй биз. Хүүхдийг хэн тоох вэ дээ. Бэлэг горьдож байна гэж бодох биз” гэж боддог байлаа. Энэ бодол минь туулай жилийн сар шинээр өөрчлөгдөж, хүндэтгэн дээдэлдэг ганц баяраа илүү үнэ цэнтэйгээр мэдэрдэг болсон юм. 

Уг нь Улаанбаатарт миний хамаатан, садан олон бий. Аавынхаа ахынхаар хүртэл орж, золгохгүй явсаар иржээ. Энэ жил би хотод байдаг ойрын хамаатны зургаан айлаараа заавал орж, мэнд мэднэ. Мөн үе тэнгийн үеэлүүдээ гэртээ урьж, халуун дотноор баярлах болно. 

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Хөөрхөн юм аа. Хүн гэдэг яалт ч үгүй нийгмийн амьтан юм даа. Хамтдаа инээлдэж, баярлаж хөөрч явахад сэтгэл их саруулхан, дотнохон сайхан байдаг.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу