Букингемийн ордноос Их Британийн хаан III Чарльз хорт хавдар өвчнөөр оношлогдож, Даваа гарагт эмчилгээ хийлгэж эхэлсэн талаар мэдэгдэв. Тэрбээр саяхан түрүү булчирхайн томрол үрэвслийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ шинжилгээ хийлгэхэд хорт хавдар илэрсэн байна. Тус ордноос Хаан III Чарльз ямар төрлийн хорт хавдраар өвчилсөн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ.

Өдгөө 75 настай Чарльзад эмч нар төрийн албан үүргээ хойшлуулахыг зөвлөсөн тул хаан олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байгаа аж. Гэвч бичиг цаасны ажил, ганцаарчилсан уулзалт зэрэг төрийн тэргүүний үүрэгт ажлаа үргэлжлүүлэх юм байна. Мөн Ерөнхий сайд Риши Сунактай долоо хоног бүр уулзаж, улс орны асуудлыг зөвлөлдөх ажээ.

Хаан төрийн үүргээ биелүүлэх чадваргүй болсон тохиолдолд ажиллах учиртай төрийн зөвлөхүүдийг хараахан томилоогүй байгаа юм байна. Уг зөвлөлд хатан хаан Камилла, угсаа залгах хунтайж Уильям, гүнж Анна, хунтайж Эдвард нар багтдаг. Харин АНУ-д амьдарч буй хунтайж Харри хаан эцэгтэйгээ утсаар ярьж, эмчилгээнийх нь үеэр хажууд нь байх зорилгоор Лондонд буцаж ирэхээр болжээ.

Их Британийн хаан хорт хавдар туссан мэдээлэл дэлхий даяар түгсний дараа түүнд маш олон хүн эрүүл энх, сайн сайхныг хүсэж буйгаа илэрхийлсээр байгаа аж. Британийн Ерөнхий сайд Риши Сунак, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Британийн хаант засаглалын эсрэг хөдөлгөөний төлөөлөгчид ч мөн хааны эрүүл мэндэд санаа зовж, түргэн эдгэрэхийг хүсчээ.

III Чарльз өөрийн ээж, хатан хаан II Элизабетын оронд 2022 оны есдүгээр сард Их Британийн хаан ширээнд заларсан. Түүний өвөө VI Жорж хаан уушгины хорт хавдрын улмаас 1952 онд таалал төгсөж байжээ.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу