“Оюу толгой” компани 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцуулав. Тус компани гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 14 хүдэр булгуурыг дөрөвдүгээр улиралд тэсэлжээ.

Улмаар Панел 0 олборлолтын түвшингийн нийт хүдэр буулгуурын тоо 86 болжээ. Ингэснээр тус баг, хамт олон 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байгаа аж.

Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба 2023 оны дөрөвдүгээр улирлын эцэст 88 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү туузан дамжуургыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн, 2024 оны дөрөвдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгах төлөвтэй байна. Өнгөрөгч дөрөвдүгээр улиралд “Рио Тинто”, “Оюу толгой” болон Монгол Улсын Засгийн Газар УИХ-ын 103-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах тал дээр үргэлжлүүлэн хамтран ажиллажээ.

“Оюу толгой” компани өнгөрсөн 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр гүний уурхайн олборлолтоо амжилттай эхлүүлсэн. “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе” шинэчилсэн стратегиа танилцуулж, ирэх арван жилийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ Хамт олон, Хамтын ажиллагаа, Хөрст дэлхий, Хүртэх өгөөж хэмээн тодорхойлжээ.

Дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 40.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд хариуцлагагүй уул уурхайгаас үүдэн эвдэрч, сүйдсэн 400.4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай Дархан-Уул аймгийн нутагт 187 га газрыг нөхөн сэргээх хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн.

Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээг доод түвшинд хадгалжээ. Мөн монгол эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих “80 насалъя” аянаа гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй юм.

МҮХАҮТ-ийн “Entrepreneur-2023” арга хэмжээний үеэр “Оюу толгой” компани 2023 оны “Шилдэг дотоодын ханган нийлүүлэгч” байгууллагаар шалгарсан. БСШУЯ-аас “Оюу толгой” компанийг “Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч” байгууллагаар шалгаруулсан билээ.

“Оюу толгой” компани хүний нөөц бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг “Mongolia Talent Network” олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар уул уурхайн салбар дахь “2023 оны Ажиллахад хамгийн таатай компани”-аар шалгарчээ.

Үйлдвэрлэлийн тайлан

Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20-иос бага байлгах зорилгоо биелүүлжээ. Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол “Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2023 оны 4-р улиралд 0.31 шоо метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.

Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” компанийн нийт ажилтнуудын 23.3 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байгаа аж. Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 10.3 их наяд төгрөг буюу 4.3 тэрбум ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төлсөн бөгөөд үүнд үндэсний ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтжээ.

Дөрөвдүгээр улирлын байдлаар 969 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 700 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 89 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

2023 оны дөрөвдүгээр улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга 0.53 хувийн өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны дөрөвдүгээр улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 26 хувиар өсчээ.

Энэ улиралд 1.59 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.42 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.7 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан байна.

Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж, 12 дугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 923 болон 1,013 метрт хүргэжээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,130 болон 1,176 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа бөгөөд уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртож буй юм байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу