Монгол түмний уламжлалт сар шинийн баяр хаяанд иржээ. Эдгээр өдрүүдэд ард  иргэд нийгмийнхээ уур бухимдалыг түр хойш тавиад ёсчлон гүйцэлдүүлэх баярынхаа бэлтгэлд гарчээ. Нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд цөм хөл хөдөлгөөнд дарагдсан байв. Эдгээрийн дотор Нарантуул захыг зорих хүмүүсийн цуваа дийлэнх нь  болов уу.

Захын цэнхэр төв хаалга замын цаанаас харагдах нь хэн бүхний, ямар нэг дурсамжийг сэдрээх мэт дотно. Амралтын өдөр, ажлын өдөр ялгаагүй түгжрэл гэж хэрээс хэтэрсэн газар даа. Тэр ч ёсоороо хөдөлгөөнгүй зогсох автомашин сүлжин зам хөндлөн гарах хүмүүс хаа сайгүй.

Хайруу хөлдүү зам талбайг хаа нэгтээ хэдэн хүн балбан зогсохыг харсаар хаалгаар ортол уртаа хулдаас мөрлөсөн өвгөн, ач хүү нь болтой багшаархан хөвгүүн нүүр тулав. Олон жил өмссөн бололтой хуучин хар куртик нь халаасны орчимдоо гялайсныг харвал хэдэн өвөл дамнан өмссөн байж таарна.  Халз нүүрэлдсэндээ жаахан сандарсан би зураг дарах нь бүү хэл бушуухан зам тавьж өгөхгүй бол алхаж яваа хэмнэлийг нь алдагдуулчихна гэж айхдаа хойш хэд алхан зайлж өгсөн юм. Хоёр хуруутай даавуун бээлийгээр хамраа шудраад “Энүүхэнд унаа байгаа” хэмээн амандаа бувтнаад. Багадаа бас иймэрхүү л явсан санагдана. Цагаан сарын өмнө ахуйн бэлтгэлээ базаах нь хамгийн том ажил байдаг. Хивс, хулдаас, яндан, тогоо гээд л өнгөтэй өөдтэйгөөр сольчих санаатай л бужигнадагсан.

Энд бүх төрлийн эд барааг олж болохоос гадна, үнэ сонголтын хувьд ч цөм бүрэн. Захын урд хаалгаар ормогц байж болох эд ахуйн бараа жижгээсээ томоо хүртэл байрлана. Түрдэг тэрэг, сандал ширээ байж болох тавиур, вандан дээр бараагаа өрсөн харагдана. Идэр есийн хүйтэнд ч эдгээр худалдаачид сууж л байдаг, халуун зунаар ч сууж л байдаг. Тэгэхээр монголчуудын нийгэм эдийн засгийн хамгийн том урсгал гэхэд хилсдэх юун. Ялаа, жоомны хор болон гутлын улавч, хамрын тамхи гэх мэт байж болох хамгийн олон төрөл зүйл хямд үнэтэйг Нарантуулаас л олж болно.

Хоёр гараа бугуй хүртэл нь уут, цүнхээр дүүргэсэн настайчуул бөгтийн алхаж “уут аваарай, уут авах уу” хэмээн таарсан болгон руу өлийн харна. Тэд гадаадаас оруулж ирээгүй өөрсдийн гараар оёж зардаг нь хэллбэр хийцээс нь харагдана. Мөн дэлгүүрийн түрдэг тэрэг дээр ундаа ус тэргүүтэнг өрсөн хэсэг хүмүүс лангуу, худалдаа болгоныг сүлжин “халуун цай,  кофе байна” гэж давтан давтан хэлнэ. Тэд цай хоол зэргийг өдөр бүр тохирсон хэмжээгээр авч ирэн зардаг бөгөөд эндэхийн худалдаачдыг гагц тэтгэдэг хүмүүс гэхэд болно.

Нэгэн сонирхолтой зүйл анзаарсан нь тэд худалдаачиддаа зээлээр өгөх нь байдаг л зүйл аж. Өдрийн нэг варианы шилтэй банштай цай эсвэл хэдэн бууз, цайтай авдаг байна. Ажлын таван өдөр юмуу долоон хоног бөөгнүүлээд нэг  тооцоогоо хийх нь элбэг гэнэ. Энэ нь хэн хэндээ тустай бөгөөд итгэл гэж сайхан зүйл гэдгийн тод жишээ. Хажууханд нэгэн худалдаачин өөрийнхөө өрийг асуувал, цай зарж явсан хөгшин нимгэн дэвтэр гаргаж ирээд “дөчин хоёр мянга болжээ” гэвэл, “өө хэтэрлээ одоохон өгчихье” гэх. Энэ мэтчилэн захын аль нэг газар хэн хэндээ итгэсэн, хэн хэнийгээ хүлээсэн их үйл явдал нар шингэх хүртэл өрнөж байх ажээ.

Орон орны томоохон худалдааны төвүүдийн жишгээр Нарантуул захад маань бүх л зүйл байдаг. Захын хойд хэсгээр хуучин бараа ч нэлээн бий. Хуучин хойд гарах хаалга буюу “мангасийн ам” хавьд бол ногоон хурганы арьс, нохойн битүү туурай хүртэл олдохоор байсныг хэн бүхэн мэднэ.

Харин одоо энэ захад таны авах зүйлийн үнэ нэг мянган төгрөгөөс эхлээд нэг зуун мянган ногоон ч хүрч мэднэ.

Ийнхүү захын нэг захаар орж нөгөө хэсгээр гарч ирлээ гэхэд маш олон дүр зурагтай таарч болно. Хэн нэгэн согтуу таарч, гартаа ганц гинж эсвэл үнэртэй ус барьсаар горьдонгуй хараад хоцорно. Лангуу олдоогүй гэлтэй хэсэг хүмүүс хаалганы ойролцоо газар эд зүйлсээ тавиад эргэлдэн зогсоно. Хэн хүнгүй л баярын өмнө байгаагаа борлуулж гэртээ байхгүйг авч харихыг бодож зогсоо биз.

Нийслэл хотын маань иргэд хэр хичээнгүй хөдөлмөрч элс вэ гэдгийг нэгээхэн хэсгийг энэ газраас харж болох ч юм шиг. Гэвч өөр уулын аманд суугаа эрхэм дээдсүүдийн хувьд ийм газар байдаг гэвэл итгэхгүй биз. Арван наст энд тэрэг түрж, хажууханд нь далан настан ч тэрэг түрсээр өнгөрөхийг та энд л харж болно. Амьдрахын төлөө тэмцэгсэд болон арга чадлаа өргөжүүлэх нэгээхэн зорилгын төлөө тэмцэх үй олон “ДУУГҮЙ” хүмүүс энд байлаа. Өглөө ажилдаа эрт ирээд  бараагаа гаргаж зогсохдоо хэн нэгэнд хүйтэн байна гэж ялархахгүй. Үдэш тараад харихдаа тээршааж гутраагүй, хэрэгцээтэй бүхний хөл хөдөлгөөнд шантарчихгүй юмсан гэж мэрийж яваа хэсэг хүмүүсийн дунд ороод гарахад автобусны буудал хүүртэл дуугүй л алхмаар санагдана. Захаас баруун тийш гараад хотын төвын унаа хүлээвэл салгаатай яндан бөөгнүүлж багласан эрс, хайрцагтай бараагаа өвгөндөө бариулж, өөрөө шанага хувин сэлтийг барьсан хөгшид ч тааралдсаар л байлаа. Хацар хайрсан хүйтэн өвөл ч гэлээ өв соёл оо л бүдгэрүүлэхгүй байхаар шийдэж дээ гэх сэтгэгдэл хожим нь надад төрөв. Энэ олон хүн ингэтлээ шаван бужигнаж тал тал руу таран одох нь нэгэн зүйлийг л хэвээр нь үлдээчих гэсэн санаа биз. Монгол хүн шинэ сарыг, шинэ улирлыг хүлээж авахаар, уламжлал болсон цагаан сар аа тэмдэглэхээр, ах дүүстэйгээ энх эсэн учран золгохоор бэлтгэж буй хэрэг биз ээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу