Их Британийн хаан III Чарльз хорт хавдраар өвчилсөн тул тус улсын хаан ширээг залгамжлагч Уэльсийн хунтайж Уильям төрийн зарим үүргийг хариуцах болж буй талаар  орон нутгийн “The Times” сонинд мэдээлжээ.

Хунтайж хэвлийн хөндийн мэс засал хийлгэсэн Уэльсийн гүнж Кейтийг асарч, богино хугацаагаар чөлөө авахаар төлөвлөж байсан аж. Гэвч тэрбээр хааны нэрийн өмнөөс нэмэлт үүрэг гүйцэтгэхээр ажилдаа эргэн орохоос өөр аргагүйд хүрчээ.

Хаан III Чарльз хоёр хүүдээ өөрийн өвчний талаар мэдэгдсэн байна. Уэльсийн хунтайж аавтайгаа байнга холбоотой байгаа бол АНУ-д амьдарч буй Сассексийн гүн, хунтайж Харри аавтайгаа ярьж, ойрын өдрүүдэд түүнтэй уулзахаар Их Британийг зорих юм байна.

Чарльз өнгөрсөн Ням гарагт Сандрингем дэх сүмийн ёслолын үеэр олны өмнө харагдсан бөгөөд олон түмэн рүү даллан, 10 минут орчим алхжээ. Тэрбээр долоо хоногийн өмнө Лондоны нэгэн хувийн эмнэлэгт түрүү булчирхайн мэс засал хийлгэсэн аж. Тухайн үед Хааны ордноос “III Чарльз ‘хөнгөн’ өвчнөө эмчлүүлсэн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: THE TIMES, BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу