Баянзүрх дүүргийн Удирдлагын зөвлөл өчигдөр (2024.02.06) хуралдаж, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө болсон ослын улмаас хохирсон айл өрхүүдэд буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хэлэхдээ “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин осол гаргасны улмаас томоохон хэмжээний гал түймэр гарсан.

Ослын улмаас хохирсон айл өрхүүдэд 5.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргалаа. Буцалтгүй тусламжийг зохих хууль, журмын дагуу ирэх гуравдугаар сардаа багтаан олгоно” гэв.

Мөн тэрбээр “Ослын улмаас хохирсон айл өрхүүдээс ирүүлсэн хүсэлт, хүний амьдралын анхан шатны хэрэгцээ шаардлагад тулгуурлан, Засаг даргын зөвлөлийн хурлаас энэхүү шийдвэрийг гаргасан. Дүүргийн ИТХ-ын Монгол Ардын Намын бүлгээс ч уг асуудлыг 100 хувь дэмжсэн.

Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тэргүүтэй гишүүд гамшиг, ослын улмаас хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх талаар албан бичгээр хандсан. Ийм учраас дээрх шийдвэрийг гаргалаа. Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын зүгээс ч түрээсийн орон сууцанд оруулахаас эхлээд тодорхой шийдвэрүүд гаргаад хэрэгжүүлээд явж байна” гэж хэлэв.

Г.Жаргалсайхан “Гамшиг, осол хэлж ирдэггүй. Дүүргийн удирдлагын багийн зүгээс хуулиар хүлээсэн эрх хэмжээний хүрээнд үүссэн асуудлыг шийдвэрлэж байгаа учраас улс төрийн нөхцөл байдал, сонгуультай ямар ч холбоогүй” гэж онцоллоо.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу