Израилийн зэвсэгт хүчин Сирийн Хомс мужийн хэд хэдэн объектод цохилт өгчээ. Энэ талаарх мэдээллийг Сирийн Батлан ​​хамгаалах яам баталсан байна. Холбогдох мэдээллийг тус яамны Facebook хуудаст нийтэлжээ.

Мэдээлэлд “Өнөөдөр 00:30 цагийн орчимд Израилийн тал, Триполи хотын хойд зүгээс агаарын түрэмгийлэл үйлдэж, Хомс хот болон ижил нэртэй муж дахь хэд хэдэн объектод цохилт өглөө. Манай агаарын довтолгооноос хамгаалах системүүд хэд хэдэн пуужинг буудан сөнөөв” гэж тэмдэглэжээ.

Тус яамны мэдээлснээр, цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдэж, бэртэж гэмтсэн бөгөөд төрийн болон хувийн өмчид багагүй хохирол учруулсан байна. Гэхдээ хэчнээн хүн амиа алдаж, бэртэж гэмтсэн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж.

“Аль-Ватан” сонин өмнө нь Израилийн зэвсэгт хүчин Сирийн төв хэсэгт цохилт өгсөн тухай мэдээлсэн байна. Тус хэвлэлд бичсэнээр, Израилийн зэвсэгт хүчний цохилтын улаас Хомс хот, түүний эргэн тойронд түймэр асчээ. Мөн “Шам FM” радио Сирийн Хомс хотод дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн байна.

Израилийн цэргийнхний харвасан хэд хэдэн пуужинг Арабын бүгд найрамдах улсын агаарын довтолгооноос хамгаалах системээр харван унагажээ.

Израилийн зэвсэгт хүчин өнгөрсөн оны аравдугаар сард хөрш Сири улсын хоёр гол нисэх буудлыг пуужингаар харвасан билээ. Дамаск болон Алеппо хотын нисэх буудлууд энэхүү цохилтын улмаас ашиглах боломжгүй болсныг Сирийн төв хэвлэл Пүрэв гарагт мэдээлж байв.

Израилийн зэвсэгт хүчин энэ мэт ажиллагааныхаа талаар нийтэд ямар нэг тайлбар өгдөггүй. Энэ удаа ч мөн мэдэгдэл гаргаагүй байна.

Тус улсын зэвсэгт хүчин олон жилийн өмнөөс Сирийн нутаг дахь байгууламжуудад агаарын цохилт өгсөөр ирсэн. Энэ нь ихэвчлэн Ираны зэр зэвсгийн нийлүүлэлтийг таслан зогсоох зорилготой байдаг аж.

Сири, Иран улсууд ойрын холбоотнууд бөгөөд 2011 оны иргэний дайнаас хойш энэ харилцаа улам гүнзгийрсэн нь Тегераны эрх баригчид Башар аль-Ассадын дэглэмийг хамгаалах болсонтой холбоотой гэж ажиглачид үздэг.

Эх сурвалж: TASS, AL WATAN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу