Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, худалдааны зөвлөх Кадир Жеряан нар 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр эдийн засгийн сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Зафер Атеш 2021 оны дөрөвдүгээр сард Элчин сайдаар томилогдон Монгол Улсад ирж, өдгөө гурав дахь жилтэйгээ золгож буй юм.

Тэрбээр уулзалт ярилцлагын эхэнд “Яг нэг жилийн өмнө манай улсын өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, 50 мянган хүн амиа алдсан. Энэ хэцүү цагт монголчууд тусламжийн гараа сунган, Турк руу аврагчдаа илгээсэнд маш их талархсанаа илэрхийлье. Туркууд “Нөхрийн чанар хүнд өдөр танигдана” гэж ярьдаг… Арваад хоногийн өмнө нийслэлд хий ачсан машин, дэлбэрч, олон хүний амь эрсэдсэнд маш их харамсаж байна” хэмээн хэлэв.

Элчин сайд Зафер Атеш Монголын түүх, соёл, урлагийг шимтэн судлахын зэрэгцээ хэл шинжлэлийн судалгаа хийж буйгаа хэлээд, адил утгатай монгол, турк үгүүд “шинээр нээсэн”-ээсээ сонирхуулсан юм.  

ТУРК ХҮН БҮР МОНГОЛЧУУДАД ЭЛЭГТЭЙ ХАНДДАГ 

-Турк улс Монгол Улсын худалдааны томоохон түншийн нэг. Элчин сайд та бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр улсын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ

-Монгол, Турк улсууд дээрх чиглэлд харилцан бие биеэ нөхдөг. Эдийн засаг, худалдааг хөгжүүлэхээр гурван механизм ажиллаж байна. Эхнийх нь хоёр улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засгийн хамтарсан хороо. Энэ хороо хамгийн сүүлд 2021 онд Туркийн нийслэл Анкара хотод хуралдсан. Энэ онд Улаанбаатарт хуралдана.

Хоёр дахь механизм нь, МҮХАҮТ болон Туркийн Гадаад эдийн засаг, худалдааны зөвлөлийн хамтын ажиллагаа. Эдгээр байгууллагын төлөөллүүд энэ ондоо багтаж уулзана. Гурав дахь нь, МҮХАҮТ болон Туркийн Танхим, биржүүдийн хооронд байгуулсан хамтын ажиллагаа юм. Монгол Улсын Засгийн газраас 2024-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд 2024 онд аялал жуулчлалын форумыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Би хоёр орны улс төрийн харилцааны талаар товч танилцуулъя. Учир нь улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрснээр бүх салбарын харилцааны суурийг тавьдаг онцлогтой.

Энэ онд Монгол, Турк улсууд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. 1969 оноос хойш хоёр улс нийт 100 орчим гэрээ хэлэлцээнд гарын үсэг зуржээ. Та бүхэн Туркийг гурав дахь хөрш гэж үздэг бол бид Монголыг анд нөхөр, ах дүү улс гэж нэрлэдэг.

Бид олон зууны тэртээд хаяа залган амьдарсан эртний хөршүүд. Иймд Турк хүн бүр монголчуудад элэгтэй ханддаг. Монголд ирж, өвөг дээдсийнхээ амьдарч байсан газар нутгийг үзэх хүсэлтэй байдаг.

Одоо хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг хоёул зорьдог. Өнгөрсөн 55 жилд хоёр орон бүх салбарт хамтран ажиллах хөрс бүрэлдлээ. Махны худалдаа, арьс шир боловсруулах чиглэлд хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий. Турк улс арьс ширийг өндөр түвшинд боловсруулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршлагатай. Энэ туршлагаа Монголын аж ахуйн нэгжүүдтэй хуваалцахад бэлэн.

Өнгөрсөн зун Монголын төлөөлөл Туркт очиж, хоёр талын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо хамтран ажиллах протоколд гарын үсэг зурсан. Энэ дагуу Монголд хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр сургана. Туркийн үйлдвэрүүдэд сайн чанарын арьс шир импортлох эрэлт бий.

БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХУГАЦААНД МОНГОЛООС ТУРК РҮҮ ХАЛАЛ МАХНЫ ЭКСПОРТЫГ ЭХЛҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Би Монголд Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монголоос Турк руу халал махны экспортыг эхлүүлэхийг зорьж байна. ТИКА буюу Туркийн олон улсын хөгжлийн агентлаг Монголд халал мах бэлтгэх зорилгоор хүний нөөцийг сургах, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлууд хийсэн.

Мөн Туркийн магадлан итгэмжлэгдсэн байгууллага болон Монголын Стандарт, хэмжил зүйн төв хамтран ажиллаж байна. Ингэснээр Монголын мах бэлтгэгч компани Стандарт хэмжил зүйн газраас сертификат авч, Туркийн тал тэрхүү сертификатыг хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдсэн.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн жил Туркт айлчилсан нь Монголын Гадаад хэргийн сайдын 31 жилийн дараах айлчлал байв. Энэ үеэр дөрвөн гэрээнд гарын үсэг зурсны нэг нь махны экспорттой холбоотой.

Эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, Туркийн хувийн, томоохон эмнэлгийн төлөөллүүд Монголд ирсэн. Турк эрүүл мэндийн сайн үйлчилгээг боломжийн үнээр үзүүлдэг.

Уул уурхай Монголын эдийн засгийн гол салбар боловч турк хөрөнгө оруулагчид одоогоор энэ салбарт байхгүй. Энэ салбарт талууд хамтран ажиллана гэж найдаж байна. Манай барилга угсралтын компаниуд дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Иймд Монголд зарлаад буй дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүчний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байдаг.

-Монголд ажиллахаар томилогдон ирснээс хойш танд ямар сэтгэгдэл төрж байна вэ? 

-Би томилогдохоосоо өмнө Монголын талаар сонирхон судалдаг байв. Ирээд анзаарсан зүйл бол Монголын нийгэм маш идэвхтэй, бат бөх ардчилалтай, залуу хүн амтай, газар дээр болон газар доороо ихээхэн баялагтай улс. Монгол хурдацтай хөгжиж байна. Сайхан байгаль, түүх соёлын их өвтэйн сацуу иргэд нь ёс заншлаа сайн мөрддөг. Наадмын нээлт бол миний амьдралдаа үзсэн хамгийн өнгөлөг, өвөрмөц зүйлсийн нэг. Үнэхээр үзүүштэй. Мөн Монгол идэвхтэй гадаад бодлого явуулж, дэлхийн томоохон үйл ажиллагаануудад байнга оролцож, монгол гэсэн өвөрмөц имижээ бүрдүүлж чадсан.

-Та 2022 онд ярилцлага өгөхдөө “Туркиш эйрлайнс” УБ-Истанбул-УБ чиглэлд өдөр бүр, зун өдөрт хоёр удаа нисэх хүсэлтэй” байгаа талаар хэлж байсан. Асуудал хүссэнээр тань шийдэгдсэн үү? 

-2022 оны арванхоёрдугаар сард хоёр улс иргэний нисэхийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ингэснээр “Туркиш эйрлайнс” компани дээрх чиглэлд өдөр бүр нисэх боломж бүрдсэн. Өвөл долоо хоногт гурван удаа, зун дөрвөн удаа нисэж байна. Эрэлтийн дагуу нислэгийн тоог тогтоодог. Би Элчин сайдаар томилогдож ирээд, тус компанийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх хүсэлтээ өндөр түвшний бүх албан тушаалтанд илэрхийлж, энэ нь хоёр орны иргэд хоорондын харилцаанд эерэгээр нөлөөлж, монголчуудын гурав дахь орон руу зорчих боломжийг нээнэ хэмээн тайлбарладаг байв. “Туркиш эйрлайнс” шууд нислэг үйлддэг болсноор хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд хувь нэмрээ оруулсан.

-Тээврийн салбар дахь саадыг арилгах, ачаа тээврийн карго нислэгийг эхлүүлэх тал дээр ямар нэг ахиц гарсан уу?

-Туркээс Монголд авчирч буй барааны дийлэнхийг авто замаар тээвэрлэж байна. Авто тээвэр зун дунджаар 20 өдөр, өвөл 30-40 хоног үргэлжилдэг. Авто тээврийг хөнгөвчлөх зорилгоор бид ЗТХЯ-тай хэлэлцэж байна. Ачаа тээврийн онгоц нисгэхийн тулд хоёр улсын нисэхийн байгууллагууд гэрээ байгуулах шаардлагатай. Одоогоор энэ чиглэлд ямар нэг ахиц гараагүй байна. Ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх хэд хэдэн санал бидэнд бий.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, РЭЖЭП ТАИП ЭРДОГАН НАРЫН АЙЛЧЛАЛЫН ТОВ ХАРААХАН ГАРААГҮЙ БАЙНА

-2020 онд Турк-Монголын худалдааны нийт хэмжээ 40 сая, 2021 онд 74 сая ам.доллар байсан. 2023 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт ямар хэмжээнд хүрсэн бэ?

-2013 онд одоогийн Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоган (тухайн үед Ерөнхий сайд) Монголд айлчлах үеэр хоёр орны худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхээр талууд тохиролцсон. Энэ зорилт 2020 оны сүүлээр биелсэн юм. 2023 онд энэ дүн 100 сая ам.доллар болж, 2022 оныхоос арван сая ам.доллароор буурсан. БНХАУ цар тахлын дараа хилээ нээсэн нь үүнд нөлөөлсөн болов уу.

Б.Батцэцэг сайдын Анкарад хийсэн айлчлалаар хоёр тал худалдааны эргэлтээ 200 сая ам.долларт хүргэхээр тохирсон. Би Элчин сайдаар ажиллах үүрэгт хугацаагаа дуусгахад энэ зорилтод хэр их ойртсоноор миний ажлын үр дүнг үнэлнэ.

Туркээс Монгол руу нарийн боовны тоног төхөөрөмжүүд, барилгын материал, тавилга, бэлэн хувцас, жигнэмэг, шоколад, эм, эмнэлгийн хэрэгсэл худалддаг. Харин Монголоос боловсруулсан арьс, ноос, ноолуур, хушны самар экспортолж байна.

-“Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг барьж буй, “Инка констракшн” компанийн талаар танилцуулна уу. Туркийн төрийн мэдлийнх үү, хувийнх уу, өмнө нь ямар төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай компани вэ?

-Тус компани “Рио Тинто”-гоос зарласан сонгон шалгаруулалтад өрсөлдөж ялсан. Нийт 2000 орчим төсөл хэрэгжүүлсэн, Туркийн урдаа барьдаг, барилгын компаниудын нэг. Та бүхэн цахим хуудаснаас нь тус компанийн хэрэгжүүлсэн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн Сонгинохайрхан дүүрэгт барьж буй, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх төсөлд Туркийн “Мапа” компани “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжүүлж буй төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байна.

-Энэ онд хоёр улсын төрийн өндөр албан тушаалтнууд харилцан айлчлах уу?

-Монголын талаас БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Нуман Куртулушт Транс Алтайн хуралд оролцох урилга илгээсэн. Одоогоор хариу ирээгүй байна. Энэ онд БНТУ-ын Үндэсний их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд болон Батлан хамгаалахын сайд Яашар Гүлэр тус тус Монголд айлчилна.

Дэлхийн эмэгтэй сайд нарын хурал ирэх наймдугаар сард Улаанбаатарт болно. Энэ хуралд БНТУ-ын Гэр бүл хариуцсан сайд Фатма Бэтулыг урьсан. Одоогоор бидэнд тус яамнаас хариу өгөөгүй байна. Хоёр улсын парламент дахь Худалдаа, эдийн засгийн зөвлөл, Цэрэг батлан хамгаалах салбарын уулзалтууд болно.

Монгол, Турк улсууд цэргийн сургуулилтад харилцан цэргүүдээ оролцуулдаг уламжлалтай. Энэ дагуу цэргийн сургуулилтууд болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Таип Эрдоганыг Монгол Улсад айлчлал хийхээр урьсан. Айлчлалын урьдчилсан тов гарсан уу?

Одоогийн байдлаар тов хараахан гараагүй байна.

ТУРКИЙН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ (ТИКА) 2004 ОНООС ХОЙШ
МОНГОЛ УЛСАД 850 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭЭД БАЙНА

-ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Ж.Энхбаяр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНТУ-д айлчилж, Ернхийлөгч Рэжэп Таип Эрдоантай уулзсан. Энэ айлчлалаар ямар нэг баримт бичигт гарын үсэг зурсан уу? Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар та юу хэлэх вэ? 

-Энэ айлчлалаас хагас жилийн өмнө БНТУ-ын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Монголд айлчилж, хоёр улсын ҮАБЗ хамтран ажиллах гэрээ байгуулсан. Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааны ямар нэг баримт бичиг байдаггүй.

-Та Монголд ирээд багагүй хугацаанд ажиллаж байна. 2021 оноос хойш хийж хэрэгжүүлсэн хамгийн чухал гурван ажлаа нэрлэхгүй юү?  

-Би дөрвөн зүйл нэрлэмээр байна. Нэгдүгээрт, “Туркиш эйрлайнс” компанийн нислэгийн давтамжийг нэмсэн. Хоёрдугаарт, хоёр орны худалдааны эргэлт хоёр дахин өслөө. Гуравдугаарт, Налайхын ойролцоо, “Баянцогт” хэмээх газарт Мэргэн Тоньюкукийн бичээст зориулсан музей барих ажил удаан хүлээлгэсний эцэст эхэлсэн. Энэ зун дуусна. Дөрөвдүгээрт, тэтгэлгээр суралцдаг оюутнуудын тоо өссөн. БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээс гадна бид цэрэг, цагдаагийн ажилтнуудад мэргэжил дээшлүүлэх тэтгэлэг олгодог.

-Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ өдрүүдэд болж байна. Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү? 

-1990-ээд оноос хойш нийт 1600 монгол оюутан Туркт дээд боловсрол эзэмшжээ. Өнгөрсөн онд 64 оюутан Туркийг зорилоо. Туркийн засгийн газрын тэтгэлэгт бүх зардал багтдаг. Хоёр удаагийн нислэгийн тийз, их сургуулийн төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн бүрэн даатгал, сар бүрийн мөнгөн тэтгэлэг багтдаг. Энэ сарын 20-нд тэтгэлгийн бүртгэл дуусна. Төгсөх ангийн сурагчид цахимаар эсээ, тодорхойлох захидлаа илгээнэ. Эхний шатанд тэнцвэл ярилцлагад ордог. Ярилцлагыг Дээд боловсролын байгууллагын төлөөлөгчид Улаанбаатарт ирж, биечлэн хийдэг юм.

-Та бүхэн МУИС-ийн Түрэг судлалын тэнхимтэй хамтран ажиллаж байна уу? 

-МУИС Измир дэх Катиб Чэлэбигийн их сургуультай хамтран ажилладаг. МУИС-ийн Түрэг судлалын ангийн оюутнууд хоёрдугаар дамжаагаа Туркт нэг жил сурч дүүргэдэг. Ирээд гуравдугаар дамжаандаа үргэлжлүүлэн сурч төгсдөг. Монгол оюутнуудыг Түрэг судлалаар дагнан суралцаарай гэж урьж байна.

-Туркийн олон улсын хөгжлийн агентлаг (ТИКА)-ийн Налайхын ойролцоо, Баянцогт хэмээх газарт Тоньюкукийн бичээст зориулсан музей барих төслийн явцыг танилцуулна уу?

-ТИКА 2004 онд Улаанбаатарт оффисоо нээсэн. Үүнээс хойш 850 төсөл хэрэгжүүлжээ.

“МОНГОЛЧУУД ХУУШУУРАА ГОЛДУУ МАХТАЙ ХИЙДЭГ. БЯСЛАГ НЭМБЭЛ БҮР ГОЁ АМТТАЙ БОЛДОГ ШҮҮ”

-Танд болон танай гэр бүлийнхэнд ямар монгол хоол хамгийн их таалагддаг вэ?

-Бид хуушуур идэх дуртай. Та бүхэн хуушуураа голдуу махтай хийдэг. Бяслаг нэмбэл бүр гоё амттай болдог. Монголчууд махаа чанаж болгох нь түгээмэл. Харин бид ил гал дээр шарж идэх дуртай. Мөн би хорхог идэх дуртай.

-Та адил утгатай монгол, турк үгүүдийг шинээр “нээж” олж байгаа тухайгаа хэлсэн. Энэхүү судалгаанаасаа сонирхуулахгүй юу? 

-Би Монголын түүх, соёл, урлагийг судлахын зэрэгцээ хэл шинжлэлийн судалгаа хийдэг. Монгол, Туркийн ижил үгүүдийг цуглуулж байна. Судлаачид 2000 орчим ижил үг бий гэдэг. Эдгээрээс жишээ дурдвал, алтан-алтын, Чингис-Женгиз, зөгийн бал-бал, дэвтэр-дэфтэр, сандал-сандалиэ, бүтэн-бүтүн, арслан-аслан, сахал-сакал, ус-су, эрдэм-эрдэм, цэцэг-чичэк, тоос-тоз, нөхөр-нөхөр, туг-ту, элч-элчи, санжих-санжак, танилцах-танишмак, чимхэх-чимдэк, хав хар-кап кара, будаа-буудай, сүү-сүт гэх мэт олон үг бий. Монгол, турк хэл нь Урал-Алтай хэлний бүлэгт багтдаг тул олон талаараа ижил.

Би саяхан толь бичиг эргүүлж суухдаа чинээ-чинэк (турк хэлэнд 8 кг гэсэн утгатай) үгүүд хэмжээс заасан, ижил утгатай үгс болохыг мэдсэн. Мөн Монголын уртын дуу Туркийн ардын дуутай их төстэй.

-Баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. 

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу