ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын үед болон ЗХУ-ын нутаг дэвсгэрт байсан, өдгөө хилийн чанадад байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг судлах, бүртгэх ажилд хөрөнгө гаргах захирамжид гарын үсэг зурсан талаар бид мэдээлсэн билээ. Уг асуудлын хүрээнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн ахлах багш, доктор П.Мягмардоржтой ярилцлаа. 

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хаант Оросын үед болон ЗХУ-ын нутаг дэвсгэрт байсан, өдгөө хилийн чанадад байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг судлах, бүртгэх ажилд хөрөнгө гаргах захирамж гаргалаа. Ямар шалтгаанаар ийм захирамж гаргасан гэж та бодож байна вэ. Орос, Украины дайнтай холбоотой болов уу?

-ОХУ-д геополитикийн хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал нь Украинтай хийж буй дайн. Энэ дайнаас үүдэлтэйгээр ОХУ-ын гадаад дахь нэр хүнд унаж, баруун зүг рүү буюу Европ руу худалдаа хийх, эрчим хүч борлуулах зэргээр мөнгө олох цонх нь хаагдсан. Энэ нь ОХУ дэлхийн улс төрийн тавцанд ганцаардах нөхцөл болчихоод байгаа юм. Тус улсыг олон улсын эрх зүй болоод хэм хэмжээ, НҮБ-ын дүрэм журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр барууныхан дарамт шахалт үзүүлэх нөхцөл байдлыг үүсгэчихсэн.

Энэ нөхцөлд ОХУ геополитикийн ашиг сонирхлын бүс гэж нэрлэгдэж буй Балтын улсууд, Зүүн Европын тодорхой улсууд, Кавказын болон Төв Азийн гэх мэт улсууд руу анхаарлаа хандуулж байгаа юм. 

Дээрх нэр дурдсан улсуудад Оросоос хамааралгүй болохыг анхааруулж, ОХУ-тай их ойртвол Украины түүх давтагдах айдас байна гэдэг байр суурийг илэрхийлж байгаа улс төрийн тодорхой хүчнүүд олон бий болж байна. Үүнтэй холбоотойгоор тэнд өөрийн нөлөөг хадгалахын тулд материаллаг ашиг сонирхол бий болгохоор шийдэж, 2024 оны нэгдүгээр сарын 18-нд В.Путин захирамж гаргаж байгаа юм. Тэр захирамж нь ОХУ-ын өмнөх үеийн Зөвлөлт холбоот улсын төдийгүй Хаант Оросын үеийн өмч хөрөнгийг хамгаалах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бий болгох талаар агуулсан. 

Нөгөө талаас санхүүгийн шаардлага байж болох юм. Дайнтай холбоотойгоор ОХУ-д санхүүгийн шинэ эх үүсвэр шаардлагатай байгаа. В.Путины гаргасан захирамжийг анзаарвал “…хилийн чанад дахь үл хөдлөх хөрөнгийг хамгаалах эрх зүйн бүрдлийг бий болгохоос гадна үл хөдлөх хөрөнгийг олж илрүүлэхэд шаардлагатай мөнгө санхүүг гаргах” гэж байгаа юм. Шинээр олж илрүүлэх гэдэг нь санхүүгийн шинэ эх үүсвэртэй болохоор зэхэж буйг харуулж байж болно.

Энэ нь зөвхөн хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудын хэмжээнд авах арга хэмжээ биш. Оросын эзэнт гүрний буюу 1917 оноос өмнөх үеийн асуудлыг яриад эхэллээ. Тэгэхээр Монгол Улстай холбоотой зүйлс ч гарч ирэх байх. Манай улс Зөвлөлт холбоот улстай хамтарсан, хувь нийлүүлсэн байгууллагууд олноор байгуулж, үүнийг дагаад орос мэргэжилтнүүд ажилладаг байсан. Тэр мэргэжилтнүүдийн амьдарч байсан байр сууцууд ч бий.

Эдгээрийг ОХУ өөрсдийн өмч хөрөнгө гээд зарлавал түүнийгээ хамгаалах зорилгоор дараагийн шатанд юу бэлдсэн байхыг таамаглах аргагүй. 

-Финландын Олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээчид “Путины зарлигийн дагуу ОХУ шүүхэд ялах боломжгүй. Тиймээс анхаарах шаардлагагүй” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Энэ захирамж олон улсад хэрэгжих болов уу?

-Олон улсын эрх зүйн талаас, ялангуяа олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээний дагуу бол ОХУ өөрийн хилийн чанад дахь өмч хөрөнгө гэж үзэгдэж байгаа зүйлийг эзэмших процесс бол Зөвлөлт холбоот улс задрахад бий болоод, нэг мөр зохицуулагдчихсан гэж үздэг. Гэтэл энэ асуудлыг шинээр сэргээж байгаа нь барууны эрх зүйн судлаачдын үзэж байгаагаар олон улсын эрх зүйн хувьд боломжгүй. Ялангуяа Хаант Оросын үеийн хөрөнгийг ярина гэдэг эрх зүйн хувьд утгагүй. Гэхдээ оросууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг дагаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тус улс эрх зүйн хэм хэмжээг дагах гэхээс илүү уламжлал, түүх, геополитикийн ашиг сонирхлоо дагаж гаргаж буй шийдвэрүүдийг бид өнөөдөр харж байна. Тэгэхээр В.Путины энэ үйлдлийн талаар ОХУ болон барууны эрх зүйн судлаачид эсрэг тайлбар хэлнэ. 

-Путины энэ захирамжаар манай улстай холбоотой асуудал гарч ирэх байх гэж та хэллээ. ЗХУ-ын үеэс эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросууд эзэмшиж байсан. Мөн одоо “Улаанбаатар төмөр зам” ХНН, “МонРосцветмет” үйлдвэр гэх мэт Монгол Оросын хамтарсан аж ахуйн нэгжүүд цөөнгүй бий. Эдгээрт ОХУ хяналт тогтоох эрсдэл бий юу?

-Хамгийн “алдартай” Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулиар жишээ авъя. Энэ сургуулийн эзэмшлийг би одоо ч ойлгодоггүй юм. Сургуулийн газар, хуучин байр нь хэнийх вэ. Сүүлд нэмж барьсан гурван давхар өргөтгөл нь хэнийх вэ гэдэг ойлгомжгүй. Мэргэжлийн хүмүүс нь нарийн судлаад үзвэл олон зүйл гарч ирэх байх. Манай Боловсрол, шинжлэх ухааны яам захирлыг нь сольж чадахгүй байгаа нь тус сургуулийг хянаж чадахгүй байгаагийн тод жишээ.

Мөн 15-р хороололд байрлах Оросын эзэмшлийн хуучны байрууд ч маргаантай байдаг. Энэ мэт зарим талаараа маргаантай байгаа зүйлийг оросууд өөрсдийн хууль тогтоомжийн хүрээнд хоёр талын харилцааны түвшинд шахаж эхлэх байх.

“Энэ барилга ийм үндэслэлээр манайх. Тиймээс манай талд шилжүүлж өг. Хэрэв шилжүүлэхгүй гэвэл тодорхой хэмжээний мөнгө өг” гэх байдлаар дарамт шахалтууд явуулж эхлэх байх.

Тиймээс бид энэ асуудалд анхаарч, олон улсын сайн эрх зүйчдийг бэлдэж, Оросын талтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байх ёстой. 

Эрдэнэт хотод ч мөн олон асуудал гарч мэднэ. Учир нь Эрдэнэт хотыг байгуулах үндсэн зорилго нь ОХУ, Монголын хамтарсан уулын баяжуулах үйлдвэр байсан шүү дээ. ОХУ хувь эзэмшиж байсныг бид шилжүүлж авсан. Үүнийгээ баримтаар маш сайн баталгаажуулж бэлдэх хэрэгтэй. 

Төмөр замын асуудал байна. Үүнийг дагасан маш олон объект бий. Точка бүр нь төмөр замын эзэмшлийн байр, байшингуудтай. Төмөр замын дэр мод бүрт асуудал гарч ирнэ. Яг аль нь хэнийх юм бэ гэх мэт олон асуудал гарч ирэх тул салбар болгон дор бүрнээ үүнд анхаарч бэлдэх хэрэгтэй. Энэ маш том зовлон болно шүү. 

Товчхондоо, ОХУ-тай холбоотой байсан, одоо байгаа хөрөнгүүдээ ямар учраас Монгол Улсын хөрөнгө гэж үзэж буй үндэслэлээ сайн тайлбарлаж чадахуйц болох хэрэгтэй. Энэ асуудалд ажлын алба гаргаж, сэтгэл зүй болоод хууль эрх зүйн хувьд бэлэн байх хэрэгтэй болов уу. 

Гэхдээ Монгол Улс ОХУ-ын хувьд одоохондоо хилийн чанадад байгаа их хэмжээний үл хөдлөх хөрөнгө хадгалж буй улсын тоонд орно гэж би үзэхгүй байна. Эхний ээлжид хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Ази, Кавказ, Балтын гэх мэт улсуудаас Зөвлөлтийн үеийн өмч хөрөнгөө авахаар санаархаж буй байх. 

Б.ХОНГОРЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу