Аргентины хөлбөмбөгийн од Лионель Месси Мягмар гарагт Хонконгод болсон нөхөрсөг тоглолтод оролцож чадаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Хөлбөмбөгийн дээд лигийн “Интер Майами” багт тоглодог Месси өнгөрсөн Ням гарагт Хонконгийн багийн эсрэг тоглохоор талбайд гарч ирээгүй нь хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Тэрбээр бэртлийн улмаас сэлгээнд суусан ч тоглохыг  маш их хүсч байсан тухайгаа ярьжээ.

Месси сэтгүүлчдэд “Би Хонконгийн тоглолтод оролцож чадаагүйдээ үнэхээр ичиж байна. Учир нь би үргэлж тэнд байж, тоглохыг хүсдэг. Ялангуяа хүмүүс бидний тоглолтыг шимтэн үзээд, маш их баярлаж байгаа тэр газар байхыг би хүсдэг” гэж хэлжээ.

Хонконгод болсон тоглолтод 40000 гаруй үзэгч ирсэн ч Мессиг сэлгээнд суусан тул хөгжөөн дэмжигчид бухимдан хашгиралдаж, тасалбарын мөнгөө буцааж өгөхийг шаардсан байна. Тоглолтыг үзэхээр тэд тус бүр 1000 хонконг доллароор (125 ам.доллар) тасалбар худалдан авчээ. Түүнээс гадна Хонконгийн засгийн газар найман удаагийн Ballon d’Or-ын эзэн тоглолтын үеэр гарч ирээгүйд сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн байна.

“Интер Майами” баг Ням гарагт болсон нөхөрсөг тоглолтод Хонконгийн шигшээ багийг 4:1 харьцаагаар хожсон. Тоглолтын туршид Месси сэлгээнд суусан бөгөөд өвдөг орчмын шөрмөс нь сунасантай холбоотой байжээ.

Өмнө нь хоёрдугаар сарын 1-нд “Интер Майами” баг Саудын Арабын “Аль-Насра”-тай хийсэн нөхөрсөг тоглолтод 0:6 харьцаагаар хожигдсон. Энэ тоглолт “Алтан бөмбөг” шагналын эзнээр 8 ба 5 удаа тодорч байсан Лионел Месси, Криштиану Роналду нарын халз өрсөлдөөн болно хэмээн сурталчилж байсан ч Месси 83 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан бол Роналду огт үзэгдээгүй билээ.

Месси “Саудын Арабад болсон эхний тоглолтын үеэр булчин нэг л биш байгааг би мэдэрсэн. Дараа нь “Аль-Насра”-тай хийсэн хоёр дахь тоглолтод сайн тоглохыг хичээсэн. Үүний дараа MRI шинжилгээ өгөхөд ямар нэгэн ноцтой зүйл илрээгүй ч биеийн байдал нэг л таагүй байсан.

Хол газар очиж тоглож байгаа үед би тухайн тоглолтод оролцохыг ямагт хичээдэг. Дараагийн удаад Хонконгод тоглох боломж олдоно гэж найдаж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу