Нэгэн цагт Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйланд тохой залган сууцгаасан хэсэг нөхөд нийлж, хотын их дуу чимээнд хөг нэмж эхэлжээ. Илүүц үггүй энэ тухай дурдвал “Манант хотын мөртүүд” яруу найргийн чөлөөт уншлага гурав дахь удаагаа “Дэндүү хайртайдаа” нэрээр зохиогдох гэж буй. Тэнд бидний л адил хүйтэн хотынхоо нэгээхэн зайд алхаж яваад ирсэн, ажлын их цаасан дунд самгардаж яваад очсон олон залуу найрагч өөр доторхоо дэлгэж, дурлалын тухай дураараа ярьж, дуулмаар өдрүүдийнхээ өс хонзонг авч суудаг.

Их хотын уушийн газар болгонтой адилхан гэж бодуузай. Энгийн бүхэн хамгийн төгс гэдэг шиг зөөлөн, утгатай, уцааргүй үдшүүдийн төлөө тэд цуглардаг болсон юм. Анхны чөлөөт уншлагыг залуу яруу найрагч Ж.Эдмонын “717” номын нээлтээр эхэлж, удаахан нь Б.Санчирын “157 тоотын диваажин” номын нээлтээр үргэлжилж буй.  Бүдэг шаргал гэрэлд хэнд ч зориулаагүй шүлгээ унших залуусын нүд үл мэдэг аниастайгаас гадна тайвширч байгаа нь мэдрэгдсэн үдшүүд. Тэд яруу найрагт шингээж болох бүхнийг утга уянгын халилгүйгээр уусгаж өөртөө зориулаад, түүнийг нь ойлгосон нэгэн рүү итгэж инээхээс өөрөөр илүүц зангүй.

Тайван, өөрийнхөөрөө бас эрх чөлөөтэй.

Нийгэм бүхэлдээ бидэнд өгч чадах сайхан зүйлсээ нэгэнт алдсан мэт цаг хугацаа юм гэж хааяа халагламаар. Цахим орчны “хар масс”-д улсаараа толгойгоо дүрчихсэн байхад “Гоо сайхан” гэж мянга орилоод ч нэмэр юун. Хэсэг залуус харин нийгмийнхээ байгаа байдлыг харж ичих мэдрэмж төрсөндөө өөрсдийгөө эдгээхээр бүгж эхэлсэн ч хэрэг байж мэдэх юм. Энэ нь өмнөх үеэсээ, ахмад зохиолчдоосоо залхсан хэрэг биш. Дотроосоо эмчлэгдэн анир гүмд аж төрөх туйлын хүсэл шинэ үеийнхэнд байна. 

Энэ удаагийн яруу найргийн уншлагыг гэгээн хайрын өдөрт зориулж хоёрдугаар сарын 13-ны өдөр товложээ. Эл өдөрт яруу найрагч залуусын хүндэтгэн авгайлдаг “Со багш” ирэхээр болж.  Түүнийг уран зохиол, яруу найрагт шимтэгч хэн бүхэн мэднэ. Магадгүй та ч намар, хаврын аль нэг номын баяр дээр таарч байсан биз. Арван тэрбумаар үнэлэгдэх 30 мянган номын цор ганц хувилбарыг цуглуулсан гэдгээр нь ч таних байх. 

“Өнгийг нь үзэв үү? Үзлээ

Мөнгийг нь үрэв үү? Үрлээ

Хүнийг танив уу? Танилаа

Одоо яамаар байна?

Зугтмаар байна”

 

О.Содномпил

О.Содномпил багшийн шүлгүүдээс эрмэг болоод эмзгийг бэлхнээ мэдэрнэ. Түүнийг “Өөр шүлгүүд”-тэй өөр хүн гэцгээнэ. Тийм дээ содон, гаж гэмээр өнцгөөс та бидний мэдрэхүй бүхнийг харж яваа хүн. Мөн шинэ залуу үеийнхээ дуу хоолойг сонсож дэмнэж явах туйлын хүсэлтэй нэгэн. Түүний нас нэгэнтээ дал гарсан ч шинэ үеийнхэн шиг сэтгэж, утга зохиолд дурлаж яваа нь хүндэтгэл төрүүлэм. 

“Өөр зүйлс” нь таны харснаас өөр байхаас биш мэдэрснээс уг нь нэг их хол зөрөхгүй байх. Иймээс танд өөрийгөө дахиад нэг чагнаад үзэх завдал хэрэгтэй гэж үзвэл “Манант хотын мөртүүд”-д саатаад  гарахыг санал болгоё.

Мөн эл үдэш яруу найрагч Р.Эмүжин, С.Бэрцэцэг, Болор цомын эзэн яруу найрагч С.Начин, яруу найрагч Б.Алтанхуяг, С.Батзориг, М.Дэвээжаргал тэргүүтэй олон шүлэгч ирэх аж.

Зэвэргэн ч гэлээ хаврын өдрүүдээс мэдэрч болох сайхан, муухай бүхнийг тэд дэвтэртээ тэмдэглэсэн байх биз ээ. Тэгээд зарлаж тараахгүйхэн шиг хэсэгхээн хугацаанд бие биедээ уншиж өгөөд салцгаана. Дахиад л тайван, өөрийнхөөрөө бас эрх чөлөөтэй.

Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас

Ахиад би ямар залуу явах биш дээ

Хорин тав хүрчихлээ гэж гомдлохоо болъё

Хор шар атаа хорслын цаана насаа нууж явъя

 

Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь

Дурсамжнаас өөр юу үлдэх юм бэ?

Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь юундаа бишүүрхээв

Замын уртад үүнээс өөр хань болсон нь үгүй ээ

 

Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй

Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй

Ай миний гал халуун нас

 

Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө

Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө

Дундуур үлдсэн хундага болгоны төлөө

Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө

Чиний өмнө, би буруутай

Р.Эмүжин

Дагтаршсан цасыг хүрзээр балбан зогсох хэн нэгний бээрсэн гарыг харах шиг зэвэргэн хавар айсуй. Халтар, саарал өнгөтэй эдгээр өдрүүдэд нийслэл хотынхоо гоо сайхныг та мэдэрч байсан уу? Бид угтаа байгаа зүйлдээ, өвлөгдөн ирсэн зүйлдээ дургүй ард түмэн болж хувираад байх шиг. Хуучин барилгын сүүдэрт ургасан багваахай цэцгийг ширтээд нэгэн настан зуныг элээдэг байсан тухай зөвхөн үлгэр л үлдэж, тэр цэцэгт хайртай хүн байхгүй болох вий гэх айдас хааяахан хөндүүр төрүүлдэг болсон мэт. Хэрэв тийм бол эл үдэш хайрын хөг, ая дан таарч, шүлгийн мөртөд үлдсэн “Манант хотын” маань гоо сайхан сэргэх нь хэмээн хүлээж сууна.

 

Өдөөн турхирах зовлонгийн
Амьсгал авах өчүүхэн сиймхий,
Аврал үгүй харанхуй шөнийг
Өглөө бүр хүснэ.
Өвдөж, хөндүүрлэж
Үндсээрээ булга татуулсан ч
Үгдрэн шархирч буй сэтгэл
Ургасаар л байна, гэрэлт нарны дор

 

М.Дэвээжаргал

Бүсгүй хүн нүдээ аньж дэвтрээ дэлгээд шүлэг уншина. Түүний дээрээс тусгасан гэрэл өөрөө бүдгэрчих шиг намуухан болдог сон. Бухимдал дүүрэн “хар масс”-аас жаахан зайгаа барьж дотоод сэтгэлийнхээ өрөөнд дэнгийн гэрэл ч хамаагүй асаах орон зайг бид хүсэмжилж байж болох. Тийм дээ ч залуусын цуглах нэгэн үдшийнх нь шүлгүүдээс чагнаасай гэж хүсье. Хэн нэгэнд гэрэл хэрэгтэй бол хамгийн түрүүнд нүдээ анихыг тэд зааж ч мэднэ, гадна буйгаас биш дотор чанадаас эх авч гэрэл цацрахыг мэдэрсэн ч байж болно. Учир нь тэд яруу найрагт “дэндүү хайртайдаа” л энэ хүртэл түүчээлэн явсаар иржээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу