Монголын улс төрд хамгийн балагтай хүнээр Х.Баттулгыг нэрлэж болно. Өдгөө 61 настай түүний хувьд самбо, жүдо бөхийн тамирчнаас Монгол Улсын Ерөнхийлөгч болтлоо дэвшиж явсан эр. Эцсийн мөчид дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй болж, МАН-даа далаараа цэвэр тавиулснаар түүний улс төрийн амьдрал зогслоо гэж харах хүмүүс байв.

“Туг ч барьдаг, тугал ч хариулдаг” гэдэг үг түүнд илүү зохино. Гэтэл тэр тэгсэнгүй. Улам л шүд зуун урагш тэмүүлж, эрх мэдэл, албан тушаалын төлөө эцсийн хүчээ шавхан урагшилж байна.

Монголын улс төрд Ерөнхийлөгчийн карьер дууссан бол амар амгалан амьдралыг сонгодог хүмүүс олон. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат ШУТИС-ийн зөвлөхөөр, Н.Багабанди “Оюу Толгой”-н ТУЗ-д, Ц.Элбэгдорж олон улсын хурал, зөвлөгөөн гээд, завгүй яваа харагдана.

Харин Н.Энхбаярын хувьд оймсоо гозолзуулан гэрээсээ ачигдаж байсан хүний хувьд ялагдлаар карьераа өндөрлүүлэхгүйн тулд шазуур зуусан байх. Ямартай ч эцсийн бүлэгт тэр өөрийн хүү Э.Батшугараа УИХ-ын гишүүн болгуулж, дэргэдэх хүмүүсээ эхнээс нь сайдаар томилуулж эхэлсэн. Тиймээс түүний хилэн бадрах биш, намдах тал руугаа хэвийж эхэлсэн.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаас Төрийн тэргүүн болсон Х.Баттулгын хувьд намынхаа нэр дэвшигчид болон эрх баригч намын гишүүдийг шоронд илгээж дэндүү өсөрхүү нэгэн гэдгээ харуулсан. Тийм ч учраас өөрөө АН-аас нэр дэвшсэн ч дэргэдэх хүмүүсээ өөр намаас нэр дэвшүүлж, улс төрд хувийн тоглолт хийдэг нэгэн. Өнөөдрийн АН-ын хувьд түүнээс дэндүү хамааралтай болчихсон. Улс төрөөс явах нь бүү хэл, эргэн ирэлт хийхийн тулд намын анхан болон дунд шатанд өөрийн хүмүүсээ зоож эхлэв.

Хамгийн хорлонтой нь, түүнийг дагаж яваа хүмүүс аавын хаалга татдаг бичигдээгүй шахам зурагтай болчихсон. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрынх нь даргын албыг хашиж байсан З.Энхболд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хамт шүүхийн танхимд хэргээ шийдүүлэхээр сууж байна. З.Энхболдоос ажлыг нь авч байсан Ө.Шижирийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж, 17 сэжигтний нэгээр АТГ зарлаж байв.

Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчийн нэг нь “Нью Яармаг хаусинг прожект” компани. Тус компани 2015 онд  хороолол барихаар 145 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргэн төлөлт хангалтгүй байгаа талаар банкнаас мэдэгдэж байв. Хөгжлийн банкийг “тоногчид”-ын нэгээр нэрлэгдсэн тус компанийн захирал Ц.Ууганбаяр Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан гэдэг. Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Канадын “Доминион вөүтинг системс” гэх компанид хар машин худалдаж авах захиалга өгсөн нь илэрч байсан.

Х.Баттулгын “жинхэнэ” баруун гаруудын нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмаа. Түүнд мөнгө угаах, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэж Эрүүгийн хуулийн 18.6-1, 23.2-1 дэх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн ч сайн даргын буянаар хорих ялгүй үлдсэн.

“Пирамид-Орд” компани Хөгжлийн банкнаас зээл авахад МоАХ-ны газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг Г.Байгалмаа нь дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэрэгт холбогдож байлаа. Тэр шүүх бүрэлдэхүүнээс хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү хэмээн хүсэж, гэм буруугаа хүлээж байсан нэгэн.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн тусгай удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ч.Махбал Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Ц.Гомбосүрэнг зодож, амийг нь хөнөөсөн хэрэг олныг цочирдуулж байлаа. Ч.Махбал экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүрээллийн хүн. Шүүхээс түүний хэргийг 11 удаа буцааж, цаг хожсоны эцэст 11 жилийн хорих ял оноосон. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухдаа Ч.Махбалд уучлал үзүүлж, түүний эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлиг гаргасан нь олны дургүйцлийг хүргэж байсан юм.

Х.Баттулгын бие хамгаалагчаас Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо томорсон хүн Б.Батзаяа. Тэрбээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон.

“Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр хууль, шүүхийн хаалга татаж, шоронд хүртэл суусан. Тухайн үед Х.Баттулга, А.Гансүх, БНСУ-ын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл цацагдсан. Харамсалтай нь, Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа уг хэрэг хэрэгсэхгүй болж байлаа.

Төмөр замын авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг нь Ч.Ганбат. Төмөр замын авлига, хулгайн хэргийн мөрөөр хуулийнхан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхтэй зэрэгцээд  “Монголын төмөр зам”-ын дэд даргаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнийн хамт АНУ руу зугтсан гэдэг. Тэднийг интерполоор эрэн сурвалжилж байсан ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа хэрэг нь замхарсан.

Х.Баттулгын амины дүү нарын нэг нь олимпийн аварга Н.Түвшинбаяр. Багын найз, улсын начин Э.Энхбатын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцож, шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарсан.

Х.Баттулга Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягт нөлөөлж, нүүрсний хэрэгт холбогдож байсан талаар улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Төмөр замын гэрээнүүдийг бүгдийг нь нууцын зэрэглэлд хамруулж, хэн ч ярих эрхгүй болгосон. Төмөр зам барих санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос шийдэж өгсөн Б.Ганхуяг гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулж байсан бол нүүрсний хэргээр ял сонсчихсон байна.

Авлигатай тэмцэх газраас “Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж буй. “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор түүний 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Н.Удаанжаргал Х.Баттулгад “Хөдөлмөрийн баатар” болтлоо зүтгэсэн боловч эцсийн мөчид эх орондоо ч ирэх нүүргүй болж зугтсан. Түүнийг Монголд ирэхгүй байх чиглэлийг Х.Баттулга өгсөн гэх яриа улс төрийн хүрээнд гарсан.

Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэмээн буруутгаж, есөн жилийн хорих ял оноосон. Гэх мэтчилэнгээр цаашаа цуваа үргэлжилнэ.

Тэгвэл Х.Баттулга МоАХ-ны байрандаа шинэ залуусаар цус сэлбэж байгаагаа сошиалаар зарлав. Хайран сайхан залуусыг шоронгийн хадаас болгох вий хэмээн халаглах хүмүүс олон байна. Эцсийн мөчид Х.Баттулга өөрийгөө л аварч үлдэхээс өрөөлийн өмнөөс шоронгийн хаалга татахгүй гэдгийг мартаж болохгүй.

“Мууг дагавал могойн хорлол” гэдэг үг өнөөдрийн хувьд ганц л хүнд чиглэгдэхээр байна. Намынх нь найз Ц.Элбэгдорж “Баттулгад хүний нөөц байхгүй. Хулгайчийн нөөц л бий” хэмээн хэлж байсан үг үнэнээс хол зөрөхгүй болов уу. Тиймээс Х.Баттулгыг дагаж буй залуус нэр хүнд, амьдралаараа дэнчин тавьж, хөлд нь үрэгдэж, хорих газарт хэдэн жилийг үдэх вий гэсэндээ сануулж байгаа юм.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу