Монгол Улс иргэн бүртээ хүрсэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй, бүтээлч гэр бүл төлөвшүүлэн, ядуурлыг эрс бууруулж, дундаж давхарга зонхилсон нийгмийг бүтээх урт хугацааны зорилго тавин ажиллаж байгаа билээ.

Засгийн газраас хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн экспортлохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэн, дотоодын хэрэгцээгээ хангах, олон тулгуурт эдийн засагтай улс бодлого хэрэгжүүлж буй.

Монгол Улсын хүн ам 3.45 саяд хүрч, нэг хүнд ногдох бодит ДНБ 8.5 сая (нэрлэсэн ДНБ 16.1 сая) төгрөгт хүрсэн ч хүний хөгжлийн индекс 0.74 гарч, дэлхийн 191 орноос 96 дугаарт жагсаж, хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнуудаас доогуур бичигдсээр байна.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийг зорилтот түвшинд хүргэх гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбар Монгол Улсад голлох нөлөөтэй. Улсын ДНБ-ий 24 хувь, нэгдсэн төсвийн орлогын 29 хувь, нийт экспортын орлогын 85 хувийг уул уурхайн салбар эзэлж буй юм.

Уул уурхайн салбар бичил уурхайгаас хариуцлагатай уул уурхай руу шилжихэд гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой. 2023 оны байдлаар Монгол Улсад нийт 1.87 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) хийгдсэний 1.43 тэрбум ам.доллар буюу 76.7 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлэв.

Монгол Улсад 1990 оноос хойш нийт 39.7 тэрбум ам.долларын ГШХО хийгдсэний 42 хувийг “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт эзэлж байна. Цаашид гадаадын томоохон хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл бүрдсэн эсэх, Монгол Улсын хувьд бий болох боломж, анхаарах шаардлагатай эрсдэл юу байгааг тодорхойлох, шийдлийг эрэлхийлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй үүсэж байгаа билээ.

Мөн уул уурхайн салбарын талаар улс төр, нийгмийн хүрээнд харилцан адилгүй ойлголцол байсаар байгаа нь тухайн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар нэгдмэл үзэл баримтлал, ойлголт, түүнийг нотлох судалгаа байхгүйг харуулж буй юм. Уул уурхайн салбар хөгжсөн улс орнуудад нийгмийн нөлөөг тодорхойлсон судалгаанууд нэлээд хийгддэг.

Эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн эерэг нөлөөг нэмэгдүүлэх, сөрөг нөлөөг бууруулах чиглэлд тодорхой ажлуудыг төр засгийн бодлогын хүрээнд төдийгүй байгууллага, хувь хүний түвшинд нэгдмэл ойлголцолд хүрэх хэрэгцээ шаардлага илтгэж буй юм.

Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өчигдөр (2024.02.08) болсон “Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэгт төрийн болон олон улсын байгууллага, уул уурхайн бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод зэрэг нийт 48 байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцсон.

Тэд Монгол Улсын эдийн засагт хамгийн том байр суурь эзэлж буй уул уурхайн салбар, тэр дундаа салбарт хийгдэж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, түүнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар нээлттэй хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэхийг зорив.

Санхүү, эдийн засгийн их сургууль (СЭЗИС), Монголын бизнесийн зөвлөлийн хамтран зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлгийн мэдээллийн дэмжигч байгууллагаар Блүүмберг ТВ болон Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран ажилласан юм.

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт арга хэмжээг нээж, СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Р.Амаржаргал үг хэлэв. Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын Үйлдвэржилт, дэд бүтцийн хэлтсийн дарга Ш.Маргад “Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх нөлөө хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад найман төрлийн гол өөрчлөлт оруулахыг зорьж буй талаар танилцуулсан юм.

“МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ ӨСӨХ БАС НЭГ БОЛОМЖ НЬ
БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ”

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт:

Засгийн газар 2026 он буюу гурван жилийн дотор 2000 км орчим төмөр зам барьж байгуулах зорилт дэвшүүлсэн. Энэ төмөр замыг барьж байгуулснаар ялангуяа уул уурхайн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэлээн том хөшүүрэг болно. Мөн энэ бүгдээс үүдэн Монгол Улсын эдийн засаг ойрын таван жилд тогтвортой 6 хувиар өсөх төсөөлөл байгаа юм уу гэж бодож байна.

Нөгөөтэйгүүр, Монгол улсын эдийн засаг тогтвортой өсөх бас нэг боломж нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт. Өнгөрсөн оны байдлаар урд хөршийн эдийн засаг 5 орчим хувиар өссөн. Дэлхий нийтэд санхүүгийн хямрал болох тухай яриа төсөөллүүд байгаа боловч БНХАУ-ын эдийн засаг харьцангуй тогтвортой өсч байна. Дээр нь дэлхий нийтэд харанга дэлдэж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор газрын ховор элемент, зэс, литиум зэрэг бусад элементүүдийн хэрэгцээ нэмэгдсэнээр Монгол Улсын экспортод нэлээн эерэг нөлөө үзүүлэх нь гэж бодож байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар нэлээн тогтвортой хөгжиж, орлого нэмэгдээд, эдийн засаг өсөж байна гэж байгаа боловч шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд, тулгамдсан асуудлууд тухайлбал, агаарын бохирдол, түгжрэл, эрчим хүчний хомсдолыг шийдэж чадаагүй байна. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлт аж ахуйн нэгж, ард иргэдийн хаалгаар орж чадаж байна уу? Сүүлийн жилүүдэд боловсролтой, эрч хүчтэй, мэдлэгтэй мянга мянган залуу боловсон хүчин гадагшаа их явж байна. Засаглал менемжентийн асуудалд нэлээн анхаарал хандуулах хэрэгтэй болов уу.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулъя гээд байдаг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхох эрчим хүч, газрын тосны зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүд бүгдээрээ засгийн газрын мэдэлд байна. Үүнийг бас анхаарах ёстой болов уу. Сүүлийн үед төсвийн хөрөнгө оруулалт, засаглал, ил тод байдлын асуудлыг нэлээн анхаарах ёстой. Тухайлбал, ногоон автобусны, Хөгжлийн банкны зэрэг асуудлууд, худалдан авалт, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зарцуулалт зэрэг ил тод, нээлттэй байж чадаж байна уу гэдгийг анхаарах ёстой юм.

 Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу