Төв банкнаас өнөөдөр (2024.02.08) сар тутмын статистик мэдээллээ танилцууллаа.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ “Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьтай байх суурь төсөөлөлтэй байна. Инфляци сүүлийн хоёр сар Төв банкны зорилтот түвшин рүү орсон, одоо гурав дахь сар луугаа орж байна. Энэ нь зорилтын дээд интервалаас доошоо орж ирж байна гэсэн үг. Энэ хандлага цааш үргэлжлээд, зорилтын орчимд тогтворжуулах бодлого хэрэгжээд явна гэж үзэж байна.

Хэдийгээр ийм төсөөлөлтэй байгаа боловч тодорхой бус байдал, сар, улирлын нөхцөл байдлаас үүдэн өөрчлөгдөж байна. Гадаад талаасаа ч, байгаль цаг агаарын нөхцөл байдлаас ч болоод. Одоогийн байдлаар махны үнэ дээр нэлээн өөрчлөлт явагдаж байна.

Өвлийн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор үүсч байгаа хандлага гэж үзэж байна. Импорт талдаа, хэдийгээр шатахууны үнэ буурч байгаа ч хангамж чухал байна. Тэгж байж мөнгөний бодлого хэрэгжээд явна.

Гадаад талаас нөлөөлж буй хүчин зүйл гэвэл олон улсад өрнөж буй үйл явдлуудтай холбоотойгоор сүүлийн саруудад тээврийн үнэ дээр нэлээн өөрчлөлт орж байна. Нөхцөл байдал харьцангуй гайгүй, тээврийн саатал гараагүй ч үнэд өөрчлөлт орж байна.

Энэ жилийн төсвийн бодлого нэлээн өндөр тэлэлттэй, том төсөв батлагдсан. Энэ нь эрэлт, нийлүүлэлтээр дамжин инфляцид нөлөөлж байна. Төсвөөс орж ирж байгаа сөрөг нөлөөллийг аль болох бага байлгах зорилгоор мөнгөний бодлогын тохируулгууд хийгдээд явж байна.

Бодлогын тохиргоо гэдэг нь бодлогын хүүг бууруулах цаг хугацааг сүүлийн хагас жилийн хугацаанд хойшлуулчихлаа гэсэн үг. Нэрлэсэн хүү 13 дээр байгаа боловч бодит бодлогын хүү инфляцийн бууралттай холбоотойгоор өсч буй нь мөнгөний бодлого чангарч байна гэсэн үг.

Эдийн засгийн нөхцөл байдлаа бодвол удаан хугацаанд, үргэлжлүүлэн чангаруулж болохгүй. Тэгэхээр инфляцийн бууралттай холбооотойгоор бодлогын хүүд тодорхой тохируулга хийх орон зай үүсэхийг үгүйсгэхгүй” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу