Төв банк өнөөдөр сар тутмын статистик мэдээллээ танилцуулсан. Энэ үеэр Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар Монгол Улсад 2024 оны эхний хагас жилд багтаан “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж буй талаар мэдээллээ.

Тэрбээр “Apple” утсан дээр суурилсан төлбөрийн хэрэгсэл Монголд орж ирэхээр яригдаж байна. Анх 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр анхны уулзалт “Apple” компани дээр болсон. Бид энэ оны эхний хагаст “Apple”-ийн утсан дээр суурилсан үйлчилгээг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Одоогийн байдлаар дөрвөн банкан дээр гэрээ хийгдэхээр яригдаж байна. Эхний банкан дээр гэрээний эхний шат дууссан. Үүний дараа техник, технологийн ажлууд эхэлнэ.

“Apple Pay” үйлчилгээ Монголд орж ирснээр ямар давуу талууд үүсэх вэ гэхээр, банкуудын Монголд гаргасан картууд энэ системээр дамжиж, гадаадад төлбөр тооцоо хийдэг болно. Ялангуяа “Т” картаар гадаадад шууд төлбөр тооцоо хийх боломж бүрдэнэ.

Мөн гадны картууд Монголд уншдаг болно. “Apple” утсан дээр суурилсан төлбөрийн хэрэгслүүд Монголд чөлөөтэй уншигдах боломж нээгдэнэ. Банкуудаар дамжаад иргэдэд мэдээлэл хүрэх байх” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу