Бүгд найрамдах Латви улсын Сеймийн гишүүд 2024 оны нэгдүгээр сарын 11-ний Пүрэв гарагт Ригагийн Марияс 7-р гудамжинд байрладаг Москвагийн ордныг өөрийн улсын төрийн өмчид авах тухайгаа зарлажээ. Тодруулбал, тэд “Үндэсний аюулгүй байдалд заналхийлэхээс урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой авах арга хэмжээний тухай” хуулийн төслийг танилцуулж, санал хураалт явуулсан байна.

Дээрх хуулийн төслийг санаачлагч нь Сейм (нэг танхимтай парламент)-ийн Үндэсний аюулгүй байдлын комисс бөгөөд Москвагийн ордныг “хурааж” авах болсон үндэслэлээ “Боловсрол нэрийн дор үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах зорилготой улс төрийн үйл ажиллагаа, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулж байна гэж үзсэн” хэмээн тайлбарлажээ.

Хууль санаачлагчид тус ордон Оросын гадаад бодлогын “хэрэгсэл” болж, түүний тусламжтайгаар түрэмгийллийг зөвтгөсөн суртал ухуулга явуулдаг газар болсон, Украинд дайн эхэлсний дараа Оросын түрэмгий бодлогыг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулагдсан талаар мэдэгдсэн байна.

Тус улсын хуулийн дагуу Моквагийн ордныг төрийн эзэмшилд авах тухай асуудлыг Латвийн Сейм яаралтай горимоор хоёр удаа хэлэлцэж, 2024 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө эцэслэн батлах төлөвтэй байгаа аж.

Латвийн Засгийн газар тэр болтол тус өмчтэй холбоотойгоор цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулах юм байна. Дээрх барилгыг Латвийн Украины нийгэмлэгт шилжүүлэх, эсвэл Украины дүрвэгсдийг байрлуулж болзошгүй байгаа аж.

Латви улс ийнхүү Оросын хөрөнгийг царцааж, өөртөө авахаа зарласан Европын холбооны анхны улс болов. Өнөөдрийг хүртэл хэн ч ийм алхам хийж зүрхлээгүй билээ.

Москвагийн ордон тус улсын Тээврийн яамны эзэмшилд байдаг газар дээр байрладаг боловч Латвийн газрын бүртгэлд “Москва хотын өмчийн газар” гэж бичсэн байдаг аж. Хуулийн төсөлд тус газрыг Латвийн Зам, тээврийн яамны өмчлөлд шилжүүлэхээр тусгажээ.

ОХУ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ХАНДАЖ, ЛАТВИЙН ЭСРЭГ ЗАРГА МЭДҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

ОХУ Латвийн энэхүү үйлдлийг “булаан авах ажиллагаа” гэж нэрлээд, олон улсын шүүхэд хандахаа мэдэгдсэн байна. Латви дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас “Латви улс энэ үйлдлээрээ ОХУ-ын өмчид халдаж, олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчлөө. Москвагийн ордныг булаан авах тухай хуулийн төслийг санаачлагчид энэхүү үйлдлийнхээ гарах үр дагаврыг зайлшгүй мэдэх ёстой бөгөөд бид олон улсын шүүхэд зарга мэдүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.

“Baltijas Balss”-д “Москвагийн ордны засвар үйлчилгээнд жилд 500 мянган евро зарцуулдаг. Өнөөдрийг хүртэл энэ нь Оросын хувьд “хүнд” асуудал байсан бөгөөд тэд Латвийн төрийн санд хөрөнгийн татвар төлдөг байсан. Барилгыг хураан авсны дараа, “Москвагийн ордон” гэсэн хаягийг “Киевийн ордон” гэж өөрчилсөн ч түүний засвар үйлчилгээ Латвийн Зам, тээврийн яамны хувьд “толгойн өвчин” болно. Улмаар Латвийн татвар төлөгчдийн нуруун дээр хүндхэн ачаа үүрүүлнэ” гэж мэдээлжээ.

Латвийн Төрийн аюулгүй байдлын алба (SGB) Москвагийн ордны нэг ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн олон тооны бичиг баримт хураан авчээ. Мөрдөн байцаалтын явцад Москвагийн ордны удирдлагад Европын болон олон улсын хориг арга хэмжээний дагуу, эдийн засгийн ямарваа нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэдий ч тус ордны байраас материаллаг ашиг хүртсээр байх магадлалтай гэж сэжиглэж буй юм байна.

ЭРМИТАЖИЙН 2880 ГАРУЙ УРАН ЗУРАГ ГАДААД РУУ ГАРСНААС
350 НЬ ӨНДӨР ҮНЭ ЦЭНТЭЙ, 59 НЬ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ШИЛДЭГ БҮТЭЭЛ БАЙЖЭЭ 

ОХУ Латвийн Сеймийн энэхүү үйлдлийн хариуд Латви дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас Рига дахь Оросын эзэмшлийн Москвагийн ордныг хууль бусаар булаан авах гэж байгаатай холбогдуулан хариу арга хэмжээ авахаа анхааруулжээ. Мөн Латвийн Сейм энэхүү “шийдвэр”-ээ зарласнаас хойш долоо хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хилийн чанадад буй, хуучин Зөвлөлт холбоот улс болон Оросын эзэнт гүрний эзэмшилд байсан үл хөдлөх хөрөнгүүдийг хайх, бүртгэх, хууль эрх зүйн хамгаалалтад авах, мөн тэдгээртэй холбоотой гарах зардлыг шийдвэрлэх тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Энэхүү шийдвэрийн дагуу музейн сан хөмрөгийг сэргээх, алдагдсан үзмэрүүдийг эргүүлэн авчрах боломжийг нээж, мөн үндэсний өвийг сэргээхэд тус дөхөм болохоос гадна Оросын галерейн урлагийн үнэт бүтээлүүдийг буцаан авчирч, орос хүн бүрт дэлгэн үзүүлэх боломжтой болно гэж үзжээ.

Оросууд 1929-1934 оны хооронд Эрмитажийн үзмэрүүдээс худалдан борлуулсан бөгөөд ихээхэн хохирол амссан байна. Учир нь нийт 2880 гаруй уран зураг гадны орнууд руу гарснаас 350 нь урлагийн өндөр үнэ цэнтэй бүтээл, 59 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг бүтээл байжээ. Судлаачид Путины шинэ зарлиг үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BALTIJAS BALL, OVERCLOKERS, LIVEJOURNAL
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу