Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 1.2-т “Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна” хэмээн заасан байдаг. Энэ жилийн шинийн нэгэн, хоёрны өдрүүд Бямба, Ням гарагт, шинийн гурван Даваа гарагт таарсан. Улмаар өчигдөр (2024.02.12) бүх нийтээр амраад, өнөөдөр (2024.02.13)-өөс Луу жилийн ажлын өдөр эхэлж байна. 

Гэтэл хотоос гарч, орон нутаг руу золголт хийхээр явсан иргэдийн зарим нь хараахан ирж амжаагүй байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан иргэд сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг учир хуульд өөрчлөлт оруулж, багадаа 5-7 хоног амраах хэрэгтэй хэмээж байна. 

Тодруулбал, иргэн цахим хуудастаа “Цагаан сар, Наадам хоёроор уртхан амраад, бусад баярыг ерөнхийд нь ёслоод л өнгөрдөг болъё. Ер нь гадны улс орнууд ч үндэсний гэсэн баяр ёслолоороо олон хоног амардаг. Бидэн шиг өргөн уудамтай нутагтай хүмүүс хөдөө гадаа яваад аав, ээж, ахмад бууралдаа ч тухтай золгож чадахгүй юм.

Яарч сандарч давхиад орон нутгийн замд бөөгнөрөл бий болгож, энэ нь олон талын сөрөг үр дагавартай байна. Тиймээс наадам, цагаан сараар ядаж 5-7 хоног амардаг л болъё” гэж бичжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу