ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын “Fox News” сувгийн хөтлөгч асан Такер Карлсонд ярилцлага өгсөн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Путин  ярилцлагадаа Украинд явуулж буй эзлэн түрэмгийллээ түүхэн баримтуудад түшиглэн зөвтгөжээ. Тухайлбал, тэрбээр олон зууны өмнөх хил хязгаарын зургаар тухайн үед Украин гэж улс байгаагүйг батлахыг оролдсон байна.

Энэхүү ярилцлагын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж X сүлжээ (хуучнаар Твиттер)-гээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн нь олон хүний анхаарлыг татаж, дуулиан дэгдээв.

Тэрбээр мэдэгдэлдээ XIII зууны үеийн Монголын Эзэнт гүрний газрын зургийг хавсаргаад, “Путины ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургуудыг харлаа. Бүү санаа зов. Монгол Улс энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” гэж бичжээ. Энэ нь Путины түүхэн хил хязгаарыг сэргээх гэсэн оролдлогыг шүүмжилсэн хэрэг гэж зарим ажиглагчид үзсэн байна.

Цаг үеийн үйл явдал, улс төрийн мэдээ мэдээллийг тоймлон хүргэдэг “Visegrád 24” байгууллага Х сүлжээн дэх хуудастаа “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд XIII зууны түүхээр хичээл заав” гэж мэдээлжээ.

Харин “Business Insider”-т “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Украинд түрэмгийлсэнээ зөвтгөхийн тулд түүхэнд анхаарлаа хандуулж буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв.

Путин өнгөрсөн долоо хоногт “Fox News”-ийн хөтлөгч асан Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Орос, Европын олон зуун жилийн түүхийг тоймлон дурдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал хашиж явсан (2009-2017) Ц.Элбэгдорж нэгэн цагт одоогийн Оросын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг захирч байсан Монголын эзэнт гүрэн хэр том байсныг харуулсан газрын зургийг Х сүлжээндээ байршуулж, жиргээчидтэй санаа бодлоо хуваалцав.

Тэрбээр “Путины ярианы дараа. Би Монголын түүхэн газрын зургуудыг харлаа. Санаа зоволтгүй. Бид энхийг эрхэмлэгч, эрх чөлөөтэй ард түмэн” гэж бичжээ. Түүний хуваалцсан газрын зургуудад XV зуунд Орос улс хэчнээн жижиг байсныг харуулсан байна.

Монголын эзэнт гүрэн нэгэн цагт дэлхийн хамгийн том гүрэн байсан. Түүний нутаг дэвсгэр Евразийн ихэнх хэсгийг, одоогийн Хятад, Оросын ихэнх нутаг, түүнчлэн Украиныхыг ч хамардаг байв.

Өнөөдөр Хятад, Оросын дундах Монгол жижиг улс боловч нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том улсуудын нэг хэвээр байна.

Монголын Засгийн газар Украины эсрэг ОХУ-ын түрэмгийллийг шууд буруутгаагүй ч дэмждэггүй. Харин Элбэгдорж Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлсээр ирсэн.

Тэрбээр 2023 оны хоёрдугаар сард “Дэлхийн ардчилсан орнууд эрх чөлөөг тохиролцох боломжгүйг тунхаглаж, Украинд ялахад шаардлагатай зэвсгүүдийг нийлүүлэхийн тулд илүү их шийдэмгий байх ёстой” гэж бичиж байсан.

Ц.Элбэгдорж “Путин эрх чөлөөг тэвчдэггүйг би мэднэ. Би түүнтэй олон удаа уулзаж, ярилцаж байсан. Тэр санал зөрөлдөөн, өрсөлдөөнийг үл тоомсорлодог. Тэр эрх чөлөөт Украинаас айдаг. Гүн гүнзгий харгис үзэлтэй хүний ​​хувьд тэрбээр илүү амжилттай, чинээлэг хөршүүдтэй уулзах боломжгүй байсан” гэж нэмж бичсэн байв” гэжээ.

Гадны хэвлэлүүд Такер Карлсоны Путинтэй хийсэн ярилцлагын дараа ийнхүү өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж буй  юм Ц.Элбэгдоржийн мэдэгдлийг Оросын зарим хэвлэлүүд нэлээд хурцаар шүүмжилжээ.

ОХУ-ын Pravda.ru цахим сайт “Монголын өнөөдрийн байгаа бодит байдал Оросыг шүүмжлэх хэмжээнд биш” гэсэн утгатай гарчиг бүхий нийтлэл нийтэлжээ. Түүнд “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Такер Карлсонтой хийсэн ярилцлагын түүхийн талаар ярьсан хэсэгт Ц.Элбэгдорж Х сүлжээгээр дамжуулан тайлбар хийсэн байна.

Тэрбээр Чингис хааны үеийн 1471 онд Монголын түүхийн газрын зургийг Ромын эзэнт гүрэн, Оростой харьцуулан харуулсан. Элбэгдорж Оросыг “санаа зоволтгүй”, монголчууд “энхийг эрхэмлэгч, эрх чөлөөтэй ард түмэн” гэж жиргэжээ.

Энэ улстөрчийн илэрхийлсэн байр суурь гайхмаар зүйл биш юм. Тэр орософоб, үндсэрхэг үзэлтэн нэгэн. Элбэгдоржийг барууны орнууд “1990-ээд оны ардчилсан удирдагчдын нэг” гэж үнэлдэг.

ЗХУ задран унасны дараа Зөвлөлтийн дараах үеийн олон удирдагчийн нэгэн адил тэр Львовын цэргийн сургуульд сурч, “гутлаа сольсон”. Элбэгдорж АНУ, Англид сурч байгаад, барууны “төлөөлөгч” болсон. Монголд тэрбээр Ардчилсан нам байгуулж, өдгөө ч барууны үзэл санаа, хандлагыг хамгаалсаар буй юм.

Ц.Элбэгдорж Украин дахь Оросын цэргийн хамгаалалтыг буруушааж, ОХУ-ын Ерөнхийлөгчид “дайныг нэн даруй зогсоохыг” уриалсан.

Тэрбээр “Украин яагаад заавал ялах ёстой вэ” гэсэн гарчигтай нийтлэлдээ “Оросын булаан эзлэгчдийг хөөж, Украины эзлэгдсэн газар нутгийг бүрэн чөлөөлснөөр ялалт дуусахгүй. Украин улс Путины дайнаас сэргэж, балгасаас босох хүртэл тэмцэл үргэлжлэх ёстой. Хэрэв Украин үүнийг хийхгүй бол эрх чөлөөт дэлхий дахинд дарангуйлагчдын халдлага, доромжлол заналхийлсээр байх болно” гэж мэдэгдэж байв.

Ц.Элбэгдорж барууны орнуудад Украиныг сөнөөгч онгоц, холын тусгалтай пуужингаар хангахыг уриалсан. Мөн тэрбээр Ази тив Путинд тусалдаг “өөрсдийгөө захирагчдаар дүүрэн” гэж үздэг.

Заан руу хуцаж буй Моська (жижиг нохой)

Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Санаа зоволтгүй” гэж мэдэгдсэн нь “заан”-ы эсрэг зохисгүй тролль шиг харагдаж байна. Гол нь Элбэгдоржийн нийтэлсэн газрын зургаас үзэхэд “энх тайвныг эрхэмлэгч, эрх чөлөөт үндэстэн” байх тухай биш, харин монголчууд эзэнт гүрний үеийн нутаг дэвсгэрээсээ Оросод алдаж, дэлхийн манлайлах байр сууриа хадгалж чадаагүйн тухай юм.

Өдгөө Монгол Улс далайд гарцгүй, ОХУ, БНХАУ-ын дунд хавчуулагдсан жижиг орон бөгөөд Ц.Элбэгдоржийн хувьд ч “Бүс нутгийн олон асуудал Монгол Улсаас хамаардаггүй”-г хүлээн зөвшөөрдөг.

Өнөөдрийн Монголын эрсдэл бол нэг хөршийнх нь эдийн засаг дэлхийд хоёрдугаарт ордог, нөгөөгийнх нь дэлхийн хамгийн том цөмийн зэвсэгтэй, хамгийн туршлагатай зэвсэгт хүчинтэйд оршиж байна. Тиймээс Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа нь ОХУ, БНХАУ-тай төвийг сахих, эдийн засгийн харилцан ашигтай харилцаа тогтоох явдал юм.

Ийм байр суурьтай байснаар Монгол Улс эрт орой хэзээ нэгэн цагт сайн шагнал хүртэх болно. “Сибирийн хүч-2” хийн хоолой Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрснөөр гадаад валютын орлого олох учиртай.

ОХУ Монголын “хөшүүрэг” хэвээр байна. Улаанбаатар ОХУ-аас шатахуун (шатах тослох материалын бараг 100 хувийг ОХУ-аас импортолдог), цахилгаан эрчим хүч, мөн уул уурхайн салбарын хүнс, тоног төхөөрөмжийн хамааралтай. 2022 онд Монголд ирсэн жуулчдын тал хувь нь оросууд байсан. Орос улс Европ руу чиглэсэн дамжин өнгөрөх замаа хянадаг бөгөөд эцсийн дүндээ Хятадын дараа орох хоёр дахь том худалдааны түнш юм.

Тэгээд ч Хятад Оросыг гадаад бодлогоороо дэмждэг учраас Монголд сонголт байхгүй. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Украины асуудлаарх санал хураалтад Улаанбаатар түдгэлзсэн нь гайхах зүйл биш юм.

Ц.Элбэгдорж Монголд байдаг захын л нэг улстөрч

Монгол Улсад 2024 онд УИХ-ын сонгууль болно. Элбэгдоржийн намыг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “эх орноо боддоггүй” хэмээн тодотгож байгаа бөгөөд тэрбээр өөрөө улстөрчийн хувьд “төрийн тэргүүн” нэрийг ашиглаж, амар амгалан, нам гүм амьдрахын тулд чадах бүхнээ хийж байна” гэж бичдэг” гэжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, VISEGRAD 24, PRAVDA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу