Монголын Хөрөнгийн бирж нэг жилийн хугацаанд 7.7 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжжээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталж, нүүрсний арилжааг Монголын Хөрөнгийн биржээр нээлттэй, ил тод явуулах шийдвэр гарч байв.

Тус шийдвэрийн дагуу Монголын Хөрөнгийн бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг ийнхүү нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг бүрдүүлснээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд худалдагч компаниуд МХБ-ээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.

Дуудлага арилжааны ханш дунджаар 10.7 хувиар өсөж, худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс нийт 529.7 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олоод байна.

Монголын Хөрөнгийн бирж экспортын нүүрсийг цахимаар арилжаад нэг жил болов. Өдгөө тус биржээр нүүрс, коксжсон нүүрсээс гадна төмрийн хүдэр, хүдрийн баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялгийг цахимаар арилжиж буй бол тун удахгүй экспортод гаргах зэсийн баяжмалыг арилжиж эхлэх юм.

Энэхүү арилжааг бэлтгэх хүрээнд, “Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг ирэх гуравдугаар сарын 18-нд зохион байгуулах тухай Хөрөнгийн биржээс мэдээллээ.

Хэлэлцүүлэгт СЗХ, Монголын Хөрөнгийн бирж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлага, албан хаагчид, шинжээч мэргэжилтнүүд оролцож, зэсийн баяжмал худалдагч, худалдан авагч, бусад оролцогч нарт мэдээлэл хүргэж, санал солилцох ажээ.

Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд 7 дугаарт, зэс олборлолтоор 13, зэсийн баяжмалын экспортын худалдаагаар 6 дугаарт, БНХАУ-ын зэсийн баяжмалын импортын худалдаанд 3 дугаар байрыг тус тус эзэлж байна.

Зэсийн үйлдвэрлэлийн олон улсын өрсөлдөх чадварыг зэсийн нөөц хэмжээ, олборлолт, баяжуулах хүчин чадал, зардал болон далд болон ил уурхайн нийлбэр хүчин чадлын хэмжээ, техникийн түвшин буюу зэсийн (тэр доторх алт, мөнгөний) металл авалтын хэмжээ зэргийг зэсийн томоохон уурхайтай харьцуулсан байдлыг харгалзан үзэж шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг байна.

Дээрх шалгуур үзүүлэлтээр Монгол Улсын зэсийн уурхайн үйлдвэрүүдийг авч үзэхэд, Оюутолгойн уурхай 3.5 тэрбум тонн хүдрийн нөөцөөр дэлхийн хэмжээнд тэргүүлэх уурхайн нэг болж буй.

Хүдрийн нөөцийг нь цэвэр металлаар авч үзвэл 44 сая тонн цэвэр зэс, 1185 тонн алт, 11.897 тонн мөнгө, 87 мянган тонн молибден болж, Оюутолгойн бүлэг ордууд дэлхийн тэргүүлэх Индонез улсын “Грасберг”, Чилийн “Эскондидо”-гийн уурхайн дараагаар дэлхийн зэсийн тэргүүлэх 15 үйлдвэрийн дотор 3 дугаарт орж буй аж.

Ил уурхайн хүчин чадал дундаж түвшинд байгаа бөгөөд дөнгөж эхлээд буй далд уурхайн үйлдвэрлэл төслийн хүчин чадалд хүрээд ирэх үед дэлхийн эхний 5-д тооцогдох баяжуулах үйлдвэр болох төлөвтэй байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу