Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тушаал гаргаж, Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залж, нийт дацан хийдүүдэд “Богд Гэгээний өлмий бататгахын залбирал”-ыг өдөр тутам уншихыг уриалсан байна.

Гандантэгчэнлин хийдийн их хамба асан Д.Чойжамц Х Богдын тодорсон талаар “IX Богд 2012 онд таалал болж, 2016 онд дараагийн дүр буюу X Богд тодорсон доо” гэж мэдээлж байв. Тэрбээр “Х Богд бол Бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм” гэж хэлсэн билээ.

X Богдын тухай мэдээлэл 2023 оны гуравдугаар сарын 8-наас эхлэн олон нийтийн сүлжээнд түгэж эхэлсэн. Тодруулбал, “УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннарын хүү Х Богдоор тодорчээ” гэх мэдээлэл гарсан. Урьдын адил Х Богдын талаарх ээлжит цуурхал байх вий гэж болгоомжилсон боловч хэн ч эл мэдээллийг үгүйсгэсээгүйгээр барахгүй монголчууд шинэ Богдоо хүндэтгэл дүүрэн угтан авсан билээ.

IX Богд бие нь чилээрхүү болж, жанч халахаасаа гурван жилийн өмнө буюу 2010 онд Монгол Улсад урилгаар ирж, иргэн болсон. Тэрээр 2013 онд тэнгэрт халихдаа Монголд эргэн төрнө гэж амласан байдаг.

Богдыг жанч халснаас хойш гурван жилийн дотор дараагийн дүрийг нь тодруулдаг уламжлалтай. Үүний дагуу Далай лам 2016 онд Монголд айлчилж, буцахаасаа өмнө Их тэнгэрт сэтгүүлчидтэй уулзахдаа “X Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа, 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” хэмээн хариулж байв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу