Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцох ард түмний жагсаал Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө үргэлжилж байгаа юм. Жагсагчид нүүрсний “хэрэг”-т хамаарах улстөрчдийн нэрсийг зарлахыг шаардсаар байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд УИХ-ын 18 гишүүний нэрийг ил болгон зарласан.

  • Тэгвэл УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудаснаа “БҮҮ ЭНДҮҮР. БИ ТЭР “НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ” ЧИНЬ БИШ” хэмээн байр сууриа илэрхийлээд байна.

Тэрбээр, “Хэрвээ миний бие нүүрсний хулгайтай холбогдсон бол ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдчихье. Нүүрсний хулгайн асуудлыг энэ оны 06 дугаар сард, хамгийн анх сөхөж тавьсанаараа их олон хулгайчийн зэвүү дургүйг хүргэж байгаа бололтой. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр мөнгөний хүүхэлдэйнүүдээрээ зохион байгуулалттай гүтгэлэг тарааж, элдэв эвлүүлэг хийж алиатаж өгч байна. Ингэж эрээгүй гүтгэж байгаа хэвлэл сайтууд, нүүрээ ил далд нуусан хударгагүй этгээдүүдийг бүгдийг нь хуулийн байгууллагад өгч шалгуулж нэр төрөө цэвэрлэх болно.

Энэ бүх гүтгэлэг нууцад байсан төмөр замын гэрээнүүдийг ил болгосны, хийдэл булхай болгоныг нь илчлэх боломжийг олон нийтэд олгосны хариу дайралт биз. Ингэлээ гээд би мохохгүй. Ингэх тусам харин ч НҮҮРСНИЙ ХУЛГАЙ-тай холбоотой асуудлуудыг улам сайн ухаж төнхөн, гэм буруутай этгээдүүдэд хуулийн гэсгээл цээрлэлийг нь үзүүлэхийн төлөө зүтгэх болно.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ нарын, тэдний гар хөл болж буй этгээдүүдийн нүгэл нь нүдээрээ гарах цаг НЭГЭНТ ИРЧИХСЭН ГЭДГИЙГ САНУУЛЧИХЬЯ” хэмээжээ.