Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин “Хойд Солонгос Лхагва гараг (2024.02.14)-т зүүн эргийн ойролцоо далавчит пуужингууд харвалаа” гэж мэдэгдэв.

БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хороо (JCS)-ноос мэдээлэхдээ “Өглөөний 09.00 цагийн орчимд зүүн эргийн Вонсан хотоос зүүн хойд зүгийн усан хил рүү пуужингууд харвасныг илрүүлсэн” гэжээ. Гэвч хэчнээн пуужин харвасан талаар тодорхой мэдээлээгүй байна.

Тус хорооноос сэтгүүлчдэд илгээсэн зурвастаа “Манай арми хяналтаа чангатгаж, сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ Хойд Солонгосын өдөөн хатгасан үйлдлүүдийг хянахын тулд АНУ-тай нягт уялдаатай ажиллаж байна” гэж дурджээ.

Хойд Солонгос ийнхүү 2024 он гарснаас хойш тав дахь далавчит пуужингаа хөөргөв.

БНАСАУ өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд анх удаа “Пулхвасал-3-31” нэртэй цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай стратегийн шинэ далавчит пуужин туршсан. Түүнээс хойш дөрөв хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 28-нд зүүн эргээс шумбагч онгоцноос далавчит пуужин харваж, мөн долоо хоногт баруун эргээс стратегийн зориулалттай “Хвасал-2” далавчит пуужингуудыг оролцуулан дахин хоёр удаагийн туршилт хийсэн билээ.

Тийрэлтэт хөдөлгүүрээр ажилладаг далавчит пуужингууд нам дор нисч, маневр хийдэг тул тэдгээрийг илрүүлэх, таслан зогсооход хэцүү байдаг аж.

“Хвасал” гэдэг нь “сум”, Пулхвасал нь “галт сум” гэсэн утгатай юм байна.

Шинжээчид “Хойд Солонгосын ер бусын хурдтай далавчит пуужингийн туршилтууд Өмнөд Солонгост ноцтой аюул учруулж болзошгүй” гэж үзэж буй ажээ.

Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу