Улсын хэмжээнд хоёрдугаар сар гарснаас хойш 14 аймгийн 47 сум төмөр зудтай, 17 аймгийн 135 сум цагаан зудтай, мал бэлчээрлэх, малчид өвс тэжээлээ татах боломжгүй нөхцөлд байдалд хүрээд буй юм.

Улсын нөөцөөс өнгөрсөн хугацаанд малчдад 15 мянган тонн тэжээлийг хямдралтай үнээр нийлүүлсэн. Нэмээд 6000 тонныг нийлүүлэх юм байна.

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд өдөрт 300 тонн тэжээл гарах боломжтой. Гурилын хүрэлцээгүй байдлаас тэжээлийн гарц муудаж буй учраас импортоор орж ирж байгаа тэжээлийн татварыг бууруулснаар мал аж ахуйн салбар хаваржилтыг хохирол багатай даван туулна. Иймд өвөл хэрэгжүүлсэн арга хэмжээгээ хаврын турш хэрэгжүүлж, малчид иргэддээ бүх талын туслалцаа үзүүлнэ.

Үндэсний хэмжээнд малчдаа дэмжих аян зарлаж байна. Эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуйн салбарын бодлогыг шинэ шатанд гаргах зэрэг хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтраад, аж ахуйн нэгжүүдээ оролцуулаад, монголчууд бие сэтгэлээрээ хамтдаа байх, малчдыг хэцүү цаг үед дэмжиж ажиллах шаардлагатай байна. Энэ хүрээнд хаваржилт дуустал тодорхой ажлууд зохион байгуулна.

Үйлдвэр аж ахуйн нэгжүүд малчдад хүргэх үйлчилгээгээ шуурхай болгох, малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрт илрүүлэгт хамруулах, аливаа эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зэрэг  арга хэмжээг аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой зохион байгуулах юм. Хөдөө аж ахуйн салбар гэдэг зөвхөн малчдын асуудал биш. Нийт монголчуудын амьжиргаатай холбоотой асуудал учраас даван туулахын тулд хүн хүчээ нэмэгдүүлье гэж байгаа юм.

Зуд нүүрлэснээс малчид өвс тэжээлээ татаж авах боломжгүй болсон. Зам даваа хаагдсан байгаа тул нээх арга хэмжээ авах,  шар усны үерээс сэргийлэхийн тулд цасны хунгаруудаа арилгах, малын зүй бус хорогдлоос шалтгаалж малын гоц халдварт өвчин тархахаас сэргийлэх, малын вакцинжуулалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ авна.

Улсын онцгой комисс маргааш хуралдаж, эдгээр асуудлыг хэлэлцэнэ. Зарим тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зайлшгүй шаардлага байна. Эдийн засгийн гол салбараа хохирол багатай авч үлдэхийн тулд сонгууль улс төр огт хамаа байхгүй. Ямар боломж байна, бүх боломжоо дайчилж ажиллана.

Байнгын үйл ажиллагаатай штаб ажиллана. Хур тунадас их орсон учраас шар усны үер болж болзошгүй байна. Тэр хүрээндээ аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна” гэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу