Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.02.14) мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг хууль бусаар булааж авсан, хохироосон гэх асуудлаар Засгийн газар хоёр жилийн өмнө Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж, ажиллуулсан. Энэ Ажлын хэсэг одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагчийг хохироосон гэх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хятадуудад үйлчиллээ” гэх агуулга бүхий, цаанаа том хэмжээний санхүүжилттэй, гүтгэлгийн чанартай мэдээлэл түгээж байна. Үүнд би тайлбар хийхээс өөр аргагүй. 

Хотын төвийн А зэрэглэлд, Сүхбаатарын талбайн чанх урд байрлах, 14 мянган метр квадрат “Ayud tower” гэх оффисын барилгыг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттайгаар барьсан.  Энэ барилгыг зарим албан тушаалтан өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн.

Гомдлын хүрээнд Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргаж, нэр бүхий компанийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хариуцуулж, шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн. Нэг захирамж нь Х.Нямбаатарын үед, нөгөөх нь намайг томилогдсоны дараа гарсан юм.

Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Ажлын хэсэг гаргаж, тухайн асуудлыг шалгасан. Ажлын хэсэг илтгэх хуудас бүхий дүгнэлт гаргасан байна. Энэ шалгалтын дүнгээр олон ноцтой асуудал тогтоогдлоо.

Тодруулбал, тухайн өмчийн эзэн болох, Хятад улсын иргэн гарын үсэг зураагүй байхад гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн, нотариат баталгаажуулж, өмчлөлийг шилжүүлсэн нь тогтоогдсон. Нотариатч эл үйлдлийг хийснийхээ дараа АНУ руу зугтаж, алга болсон байна. Мөн тухайн хөрөнгийг шилжүүлэхдээ холбогдох хуульд заасан 11 шаардлага хангах ёстойгоос найм нь хангагдаагүй байхад Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийж, бусдын хөрөнгийг шилжүүлсэн байна.

Улсын бүртгэлийн байгууллагад энэ асуудлаар олон удаагийн гомдол гаргахад тухай бүрд нь хангалттай хянаж, шалгалгүйгээр эрх зүйн бүрэн бус дүгнэлт хийж, татгалзсан хариу өгч байжээ. Хил хамгаалах байгууллагын албан тушаалтан, тухайн өмчийн эзэн болох БНХАУ-ын иргэнийг саатуулах ямар ч байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлд оруулсан. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт олон этгээд оролцсон байна.

Тухайн компани энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад гомдол гаргахад нийт найман удаа эрүүгийн хэрэг үүсгэгдэж, дөрвөн удаагийн эрүүгийн хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн.

Тийм учраас энэ бол манай хуулийн маш олон байгууллага, албан тушаалтны оролцоотой, цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа гэж үзэн, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын зарим албан хаагчдад хариуцлага тооцсон юм. Мөн шалгалтын дүнг бүрэн эхээр нь Ерөнхий прокурорт хүргүүлсэн. 

Гэтэл намайг албан даалгавар гаргаж, тухайн хүмүүст хариуцлага тооцлоо, Хятадын талд үйлчиллээ гэдэг байдлаар гүтгэлэг явуулж байна. 

Улаан цайм гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүйгээр олон удаа хааж байсан. Тэгэхээр энэ асуудалд хуулийн байгууллагынхан өөрсдөө оролцоотой байна гэсэн үг. Тийм учраас өөрийн бүрэн эрхийн хүрээнд үүнийг анхааралдаа авсан.

Арваад жилийн өмнөх ханшаар, 10 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай холбоотой асуудал. Хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, хөрөнгийг нь дээрэмдсэн байх магадлалтай нь тогтоогдсон. 

Энэ мэт их хэмжээний мөнгөн дүн яригдах, гадаадын хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн 4-5  хэрэг бий, тухай бүрд нь мэдээлэх болно” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу