Сар шинийн баярын өдрүүд шувтарч, ажил, хичээл эхэлсэн эдгээр өдрүүдэд Монголын Үндэсний музейд  “МОНГОЛ ЦАГААН САР”  тусгай үзэсгэлэн үргэлжлэн гарч буй.
Тус үзэсгэлэнг XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн Цагаан сарын баярт зориулан энэ сарын 7-ны өдрөөс эхлэн олон нийтэд толилуулсан билээ.
Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн таван 2024.02.14. Тус үзэсгэлэнгийн танхимын голд дугуйлсан гэрийн хананы наана гэрийн эзэн гэргийн хамт зогсоно. Цагаан сарын баярт зориулан гоёсон уу гэмээр дэгжин шар дээлээр ижилсжээ. Энэ бол танхимын голд байрлах үзмэр бөгөөд түүнээс нар зөв тойруулан ажвал цагаан сарын өдрүүдэд таны багадаа, эсвэл хаа нэгтээ харж байсан эдлэл, хэрэглэлүүд цөм өрөөстэй.
Угсаатны эдлэл хэрэглэлийн тухай олон ном, зургаас харсан мэт санагдаж болох ч эдгээр нь “монгол цагаан сар”-ын баярын тухай цогц үзмэрүүдээс бүрдсэн өндөр ач холбогдолтой үзэсгэлэн юм.
Энэ талаар Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ч.Туулцэцэг: “Үзэсгэлэнгийн маань тэргүүн зорилго монгол уламжлал, зан заншлыг цогцоор нь олон нийтэд таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх юм.
Монголчуудын өв соёл хийгээд зан заншлын бэлгэдэл, түүний уялдаа холбооны тухай цогц үзэсгэлэнг олон нийтэд анх удаа үнэ төлбөргүй, урт хугацаагаар  үзүүлэхээр бэлтгээд байна.
Уг үзэсгэлэнд аль нэг төрөл гэхгүйгээр бүр олон төрлийн уламжлалыг гаргахыг зорьсон. Жишээлбэл, цагаан сарын баярын идээ ундааны тухай, эдэлж хэрэглэж байсан зүйлсийн тухай үзмэрүүд бий. Хүндэтгэлийн хоол хүнсэнд юу юу багтдаг, шүүсний тэвш, ул боовны хэдэн төрлийн хэв байсан гэх мэт. Эдгээр үзмэрүүд бол бүгд манай музейн сан хөмрөгт байсан, урьд өмнө нь олонд дэлгэгдэж байгаагүй эд өлгийн зүйлс юм.
Хүүхэд залуус мөн гадаадын жуулчид баярын өдрүүдээр олноороо ирж сонирхсон. Залууст өв соёлоо танин мэдэх, жуулчдад таниулан сурталчлах гэх мэт ихээхэн ач холбогдолтой үзэсгэлэн гэж тодорхойлж болно.
 Тэр тусмаа цагаан сартай холбоотой мэндлэх, золгох ёс, хөөрөг зөрүүлэх ёс гэх мэт уламжлагдан ирсэн зан заншлаа үзэж харах гэж музейг зорин ирж байгаа нь тун баярлууштай. Цагаан сар гэж чухам яагаад нэрлэсэн юм бэ, шинийн нэгэнд яагаад шинэ дээл хувцсаа өмсдөг вэ гэх мэт асуултын хариултыг энэхүү үзэсгэлэн өгөх болов уу” хэмээн ярилаа.
“XIII зуунаас эхлэн Чингис хаан цагаан сарыг төр түмний их баяр болгон, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар өтгөс буурлуудад хувь хүртээж, Есөн хөлт цагаан тугаа тахин, Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харъяат аймгуудын олон ноён түшмэл ирж, хааны амгаланг эрдэг ёсон тогтсон ажээ.”
Энэхүү үзэсгэлэнд таны өвөө, эмээгийн ширээн дээр байж л байсан цар, домбо, эсвэл ул боовны хэв зэрэг тааралдах вий. Тэгвэл эдгээрийн үүрэг зориулалт, бэлгэдэл зэргийг тэр болгон мэдэхгүй. Мөн өргөн дэлгэр хэрэглэдэг шагайн наадгайн талаар ч бид сайн мэдэхгүй гэхэд хилсдэхгүй.
Битүүний өдөр хамгийн өргөн дэлгэр тоглодог наадгай бол “алаг мэлхий өрөх”.  Учир нь орчлон дэлхийн хамаг бэлгэдэл алаг мэлхийн шагайн тоогоор өрөөстэй байдаг хэмээн үздэг.
Мөн цаашилбал бага насны хүүхдийн тоо тоололд ч сайн нөлөө үзүүлдэг. Шагайн наадгайг өвлийн улирлын бэрх цагийг туулж, хавартай өнөтэй золгосны баярыг тохиолдуулан оройн цагаар тоглодог заншилтай.
Өвлийн цагт гадна, дотор ажлаа дуусгаад, гэр бүлээрээ цуглан амсхийхдээ тоглодог. Харин цагаан сарын баяраас хойш тогловол “Хурганы хөл мойног болно” хэмээн цээрлэдэг. Утга нь аж ахуйн ажилтай уялдаатай бөгөөд хаврын төл авах их ажлын хажуугаар тоглоом наадгай дэлгэснээр цаг хугацааг дэмий өнгөрөөнө хэмээн үздэг байна.
Гэх мэтчилэн монгол уламжлалт зан заншлын тухай дэлгэрэнгүй тайлбарласан уг үзэсгэлэн хүн бүрийн өмнө нээлттэйгээр дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжилнэ.
Бидэнд уламжлагдаж ирсэн аугаа их өв соёлынхоо нэгээхэн хэсгийг харж, танилцах ховорхон завшаан тохиож байна. Эл өдөр зарим нэг тэмдэглэлт өдөр давхацсанаас үүдэн хүний хөл бага байлаа. Сэлүүхэн танхимын хаалгаар хаа нэгтээ ганц хүн орж гаран харагдах нь монголчууд бид өөр зүйлсэд хэт их цаг зарцуулдгийн нэгэн жишээ.
Бид цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээ мэддэг ч “яагаад” тэмдэглэх ёстой талаар тэр бүр эргэцүүлж байгаагүй болов уу. Ямар баярыг тэмдэглэн өнгөрүүлж, яагаад заавал шинэ дээл хувцсаа өмсөж, настан бууралдаа очдогоо ч танин мэдэх өдрүүд таныг хүлээж байна.
Хүүхэд, залуустаа энэхүү үзэсгэлэнгээр бууж мордохыг захимаар. Бид юуг туулж ирсэн болоод ийнхүү бэлгэшээж, цээрлэж хэрэглэдэг болсон бэ гэдгийг өдгөө үлдсэн эдгээр үзмэрүүдээс л танин мэдэж болно. Мэдэж чадваас хэлбэр биш, агуулга нь чухал гэдгийг ойлгох биз ээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу