Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийсэн билээ.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй төрийн айлчлалын ач холбогдлыг талууд онцолж, хоёр орны харилцааны түвшинг ахиулан, “Стратегийн түншлэл”-ийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан.

Мөн хоёр орон харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 жилийн ололт, амжилтыг бататгах, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар ярилцсан билээ.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахаа илэрхийлсэн юм.

Засгийн газар хоорондын хэлэлцээр, эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй, шүүхийн чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, археологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.

ХБНГУ Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн хугацаанд 530 гаруй сая еврогийн дэмжлэг үзүүлсэн бол 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болов. Энэ нь тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдсэн билээ.

Штайнмайерын айлчлалд гадны улсууд анхаарлаа хандуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ ч тодорхой мэдээллүүд онцлон түгээж буй юм. Тухайлбал, Германы “Deutsche Welle”-д “Германы Штайнмайер ашигт малтмалаар баялаг Монгол Улстай гэрээ, хэлцэл хийхийг эрмэлзэж байна” гэж мэдээлсэн бол “Diplomatic Watch”-д “ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөж, Герман улс монгол залууст анхаарлаа хандуулж байна” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

“Yahoo” цахим хуудаст нийтлэгдсэн нийтлэлд Штайнмайэр “Залуу үе Герман-Монголын харилцаанд хөрөнгө оруулах гол түлхүүр юм” гэж хэлснийг онцолсон байна.

Мөн монгол залуус сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарыг сонирхож байгааг хүлээн зөвшөөрч, эдийн засгийн солилцоог нэмэгдүүлэхийн ач тусыг онцлон тэмдэглэжээ.

Тус нийтлэлд “Залуучуудад анхаарал хандуулж байгаа нь нэг хоногийн өмнө гарын үсэг зурсан стратегийн түншлэлийн гэрээтэй нийцэж, хоёр орны 50 жилийн дипломат харилцааг өргөжүүлэн, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замыг нээж өгч байна.

Хоёр орны түүхэн харилцаа гүн гүнзгий юм. Олон монгол залуус хуучин Зүүн Германд сурч, ажиллаж байсан бөгөөд өдгөө Монголын нийт хүн амын 1 хувь герман хэлээр ярьж байна.

Штайнмайер эхнэрийнхээ хамт, саяхан Германд очоод ирсэн, Улаанбаатар дахь Александр фон Хумбольдтын нэрэмжит сургуульд сурдаг, 16 настай монгол хүүхдүүдтэй уулзсан бөгөөд морь унах ур чадвараас эхлээд тэдний түүх соёлын солилцооны нөлөөг онцолж байв.

Энэ үеэр хэд хэдэн сурагч Германд суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд илүү хүчтэй харилцаа холбоо чухал болохыг онцлон тэмдэглэжээ.

Штайнмайэр монгол залуусыг Германд суралцуулах асуудалд анхаарал хандуулахаа амалсан. Энэхүү амлалт нь Герман улс Монголын залуучуудын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхийг зорьж байгааг харуулж байна” гэжээ.

“DW”-д ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монголын нийслэл Улаанбаатарт хүрэлцэн ирж, Герман Улс ОХУ-аас хараат байдлаа багасгахыг эрмэлзэж байгаа энэ үед байгалийн баялаг ихтэй Монгол Улстай хэлэлцээ хийхийг зорьж байна.

Хоёр улс дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийг тэмдэглэж, стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж буй түүхэн цаг үед уг айлчлал болж байна.

Штайнмайер Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, зам тээвэр, шинжлэх ухаан, археологи, байгаль орчин, эрчим хүч, шүүх эрх мэдэл, эдийн засгийн хөгжил зэрэг сэдвээр хэлэлцсэн.

Хоёр улс бие биенээсээ юу хүсэж байна вэ? Улаанбаатар улс төр, эдийн засгийн хувьд харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Герман улсын хувьд Орос зэрэг улсуудаас эдийн засгийн хараат байдлаа багасгахыг эрмэлзэж байна.

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Берлинд айлчлахдаа ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг түүхий эдийн хувьд Герман улстай түншлэхийн чухлыг онцолж байсан билээ” гэж бичжээ.

Эх сурвалж: DEUTSCHE WELLE, DIPLOMATIC WATCH, YAHOO
Д.ТУЯА


АЙЛЧЛАЛЫН ЗУРГУУД: 

423036716_757235775991786_7475820563529644529_n

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу