“Цемент шохой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттүвшинг томилсон.
Хөтөл хотод байрлах тус үйлдвэрийн төв оффист өнөөдөр (2024.02.14) шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Д.Баттүвшин ТУЗ-ийн дарга Н.Пүрэвдорж болон ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажил хүлээлцэх үйл ажиллагаа болсон байна.
Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал (2024.01.05)-аар асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг тус төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар томилж байв.
Монгол Улсаас Японы Осака хотод суух Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байсан тэрбээр Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар хагас сар гаруй хугацаанд ажилласны дараа ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн билээ.
Э.ЭГШИГЛЭН