Хүн төрөлхтөн Гэгээн Валентины өдрийг XVI зуунаас хойш тэмдэглэсэн гэдэг бөгөөд өнөөдрийг хүртэл ач холбогдлоо алдаагүй хэвээр байна. Дэлхийн улс орнууд энэ өдрийг өөр өөрийн онцлогтой тэмдэглэн өнгөрүүлдэг бол түүнийг тэмдэглэхийг хориглодог улсууд ч бий аж.

Оросууд хоёрдугаар сарын 14-нд сайн нөхөртэй учрахын ерөөл тавьж, гэр бүл, эхнэр нөхрийн сайн харилцаа, хайр сэтгэлийг ивээн тэтгэгч гэгээнтэн гэгддэг Гэгээн Трифоныг дурсах өдөр болгон тэмдэглэж байсан аж.

Оросын эзэнт гүрний үед Ортодокс сүм Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхийг зөвшөөрдөггүй байсан ч охид, хөвгүүд европчуудын адил бие биедээ торгон, нэхсэн тор, цэцэг зэрэг бэлэг бэлэглэдэг байжээ. Өдгөө Гэгээн Валентины өдөр хайртай хүндээ бөмбөлөг, цэцэг, чихэр, шоколад зэрэг бэлэг өгдөг уламжлал тогтсон байна.

Япон улс ч Гэгээн Валентины өдрийг тэмдэглэдэг өөрийн хэв маягтай болжээ. Хоёрдугаар сарын 14-нд зөвхөн эрчүүд бүсгүйдээ бэлэг өгдөг заншил байсан аж. Энэ өдөр охид, бүсгүйчүүд хайртай хүндээ хайрын бэлгэдэл болгон хар шоколад бэлэглэдэг бол яг нэг сарын дараа буюу гуравдугаар сарын 14-нд эрчүүд тэдэнд чихэр өгдөг байна.

 АНУ-д Гэгээн Валентины өдрийг 1777 онд анх Европоос ирсэн оршин суугчид нэвтрүүлсэн гэж үздэг ажээ. Чихэр, ил захидлаас гадна карамель бэлэглэдэг байжээ. Улмаар худалдаачид XXI зууны үед америкчуудыг хоёрдугаар сарын 14-нд хайртай хүндээ цэцэг, эсвэл үнэт эдлэл өгөх ёстой гэж итгүүлсэн гэж хэвлэлд бичсэн байна.

Хятадад хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентины өдөр болгон, хайртай хүндээ бэлэг бэлэглэн тэмдэглэдэг ажээ.

Энэтхэгчүүд энэ баярыг 1990-ээд оноос тэмдэглэсэн байна. Сонирхолтой нь, тус улс Гэгээн валентины баярыг нэг өдрөөр хязгаарлахгүй байхаар шийдэж, бүтэн долоо хоног зарцуулдаг аж. Тухайлбал, хоёрдугаар сарын 12 тэврэлтийн өдөр тул гэр бүл, хайртай хүмүүсээ тэвэрдэг уламжлалтай байна.

Гэгээн Валентины өдрийг хатуу хориглодог улс орнууд байдаг аж. Жишээлбэл, Саудын Арабад энэ өдрийг тэмдэглэхийг хориглож, гудамж талбай, дэлгүүрт улаан сарнай, зүрхэн хэлбэртэй бөмбөлөг болон баяр ёслолын бусад зүйлс заруулахгүй, хатуу хяналт тавьдаг байна.

Сонирхуулахад, Гэгээн Валентины өдрийн гарал үүслийг Луперкалиа хэмээх шашны баяртай холбон тайлбарладаг хувилбар байдаг. Энэ өдөр ромчууд амьтдаар тахил өргөж, арьсыг нь хуулж, түүгээрээ хажуугаар өнгөрч буй бүх эмэгтэйг цохидог байжээ. Ингэснээр хатагтай нар олон эрүүл, хүчирхэг хүүхэдтэй болно гэж үздэг байсан аж.

Луперкалиа баярыг хоёрдугаар сарын дундуур буюу 13-наас 15-ны хооронд тэмдэглэдэг байжээ. 496 онд уг баярыг Ромын хамба лам Геласиус I цуцалж, хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн Валентины өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Энэ баярыг паган шашны баярыг орлох зорилгоор нэвтрүүлсэн гэдэг боловч энэ таамаглал албан ёсоор баталгаажаагүй аж.

Эх сурвалж: LENTА.RU
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу