Тулга хүү нарийн царигтай төмөр зам баривал хятадууд орж ирээд, Монгол Улсыг юу юугүй сүйтгэж, Монголд эзэн суух ухааны юм ярьж, төмөр замыг гацааж байлаа. Учир мэдэх хүмүүс нь мянга чарлаад ч Тулгын пропогандаг давалгүй бүдэрсэн юмдаг.

Нэг гартаа уутан дотор элс хийчихээд, нөгөө гартаа зүү барьж байгаад, цоо хатган Монголын баялаг харьд ингэж урсана хэмээн үзүүлэх тоглолт хийж байлаа. Үүнийг нь эх оронч гэж уухайлсан иргэд өнөөдөр үр дүнд нь өр зээлэнд баригдсан, улс орон нь хөгжлийн унааны араас чирэгдсэн, ер нь л урагшаа алхаж чадахгүй ав дав хийцгээж байна.

Монголчууд хэрэв төмөр замтай, тэр нь нарийн царигтай байсан бол Монголын эдийн засаг өнөөдөр өөр түвшинд гарч, нүүрс тээврийн хулгай ийм хэмжээнд хүртлээ эрчээ авахгүй байсан юм.

Х.Баттулгын улсаа хорлох үйлдлүүд уг төмөр замаар тогтсонгүй. Аж үйлдвэрийн парк барина гэж, төсвийн мөнгөөр бишгүйдээ л хэдэн макет хийж, улсад “шахсан” хүн.

Хөгжлийн банкны хэрэгт үр хүүхдүүдийн хамтаар орооцолдсон болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сонсголын үеэрх процессийг телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж харагдсан.

Ер нь мөнгө ихтэй газар Х.Баттулга хэзээний тугаа хатгах гээд зогсдог байсан талаар намынхан нь, үеийнхэн нь нуулгүй ярьдаг. Хэдэн тэрбум биш, хэдэн их наядын хулгай руу хуруу гараа дүрсэн болж нүүрсний хулгайтай нэр холбогдон, АТГ-аар нэрээ зарлуулж байх вэ.

Тэр санасандаа хүрдэг нэгэн. Түүний хүрсэн бүхэн үргэлж улс орондоо хортой байдаг нь хамгийн гол асуудал.

Х.Баттулга 2017-2021 оны хооронд Төрийн тэргүүнээр ажилласан. Тэрбээр улс дотроо улс байгуулах гэж байгаа мэт дотоод улс төрийн зодоонд зав гаргаснаас Монгол Улсын гадаад харилцаа тэр үед цонхоо хаасан гэхэд хилсдэхгүй.

Жүдо бөхийн ДАШТ үзсэнийг эс тооцоход Путинээс өөр харилцаж байсан хүн үлдээгүй байх. Дургүй нэгнээ шоронд илгээж, Элчин сайдаас эгүүлэн татаж, өөрийнх нь өмнө хадаг барьсан хүмүүсийг шүүхийн шүүгчээр томилж, ёстой л жаалж байгаад буусан.

Аргаа барахдаа Х.Нямбаатар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа “Төрийн ордны гурван давхарын зүүн жигүүрт нэг хүний өрөөнд хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг шийдвэр гардаг болсон” хэмээн мэдэгдэж байсан. Тэр Х.Баттулгад хандаж энэ үгээ хэлсэн.

Монголын шүүх ийм хэмжээнд очтолоо түүний өмнө сөгдсөн гэхэд болно. Гадаад харилцаагаа тасалж, дотоод улс төрийн өрсөлдөгч нараа намнаж, шоронд илгээдэг Х.Баттулгын хаанчлал ашгүй дуусаж, У.Хүрэлсүх гадаад харилцааны тал дээр өөр бодлого барьж ажилласнаас хойш гадаад айлчлалууд тасрахаа байв. Гэтэл улс гэрийн тэргүүн, эв нэгдлийг хангах ёстой Х.Баттулга үргэлж улсаа дотор нь хагалж ирсэн юм.

Саяхан Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг парламентад оруулж ирсэн ч “хулгай”-н сонсголдоо ирдэггүй Х.Баттулга хуулийн төслийг унагахаар Төрийн ордонд саатаж байх жишээтэй.

Магадгүй маш том эрх ашиг тэнд байсан байх. Хөрөнгө оруулалтын хуулиас эзэмших гэдэг үгийг авна гэхээр ингэж сандарч байна гээд бодохоор их л олон газар гадныхантай хамтран эзэмшдэг болохоор алдчихна гэж эмээсэн байж мэднэ. Энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэлгүй намрын чуулган хаалтаа хийсэн. Одоохондоо түүний гарт түлхүүр очсон гэсэн үг. Бүхэл бүтэн тусгаар улсын парламент нэг хүний аясаар ганхаж байгаа нь дэндүү эмгэнэлтэй байна.

Х.Баттулгын яриагаар бол танкаар хятадууд орж ирээд, Монголыг эзэлнэ гэдэг шиг баахан хятадууд орж ирээд, Монголд эзэн суучих юм гэнэ. Төмөр замаа бариагүйн гайгаар улс нь өнөөдөр эдийн засгийн сэхээнд орчихсон байна.

Араас нь хөрөнгө оруулагчдаа улсаасаа хөөж гаргаад, хэдэн морио уралдуулж, сум багийн наадам хэсэж амьдрах бололтой. Tesla, Apple юу бүтээх нь бидэнд хамаагүй. Жалгандаа л жаргацгаая гээд байгаа нь түүний санаанаас шууд уншигдаж байна.

Хаврын чуулганаар Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцвэл энэ улсын дотоод хагарал тэмцэл улам хурцдах тал руугаа явах нь гарцаагүй болж гэж уншигдаж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт парламентын босго давтлаа гурван жил зүлгүүрээр орж, нэг хэлэлцэх эсэх дээрээ ирээд ийнхүү бүдэрчихэв. Ингэснээр хөрөнгө оруулалтын орчин бүрхэг хэвээр үлдэж, “хулхи” монгол гэдэг яриа хэдий болтол үргэлжлэхийг таах аргагүй болов.

Учир нь тэрбээр сар шинийн мэндчилгээндээ “Хөх Монголын тусгаар тогтнол батжин бэхжиж, эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил гарч буйг санацгаан, монгол хүний саруул ухаанаар хамтдаа зүтгэцгээе!” хэмээсэн байна лээ.

ҮАБЗ-ийн дарга, Төрийн тэргүүн байсан хүнээс ийм үг гарна гэдэг энэ улс их эвгүй байна гэж ойлгогдохоор байгаа юм. Тусгаар тогтнолоо алдаж, туурга дээврээ хуу татуулах нь гэж уншигдаж байна.

Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд Х.Баттулга өөрийн хүмүүсийн хамт Хөрөнгө оруулалтын хуульд оруулах өөрчлөлтийг эсэргүүцэн, эх оронтойгоо үлдэх үү гэдэг ганц пи арыг нэвт явуулж, халуун эх орончийн дүрээр хаалга татан орж ирэх нь.

Хүн улс төрд удаж болно. Удахгүй ч байж болно. Аль ч үед улс төр хийхдээ улсынхаа тусгаар тогтнолоор заналхийлж улс төр хийж болохгүй. Улсаа хорлоод байж болохгүй. Тэр уг нь Төрийн тэргүүн байсан. Эв нэгдлийг хангагч биш, хагалан бутаргагч болоод байгаагаа мэдэж л байх ёстой хүний нэг.

Тусгаар тогтнолоор пропоганда хийнэ гэдэг тоглоом биш. Хойд хөрш зэргэлдээх орнуудтайгаа харилцаа тааруу, буланд шахагдсан энэ үед монголчууд ядаж эвтэй байж энэ үеийг даван туулмаар байх юм.

Хамгийн гол нь тусгаар тогтнолдоо биш, газраа алдах вий гэдэг агуу том айдаст хүлүүлсэн тэр сүүлчийн сумаа тусгаар тогтнол болгон тавьж байна. “Монгол ялна” гэсэн түүний дөрвөн жилд Монгол ялсан уу гэдгийг асуумаар байна.

“Эцэггүй хүүхдийн толгой том” гэдэг шиг хэчнээн том толгой гаргасан ч улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бооцоонд тавьж тогломооргүй байна шүү.

Тусгаар тогтнол тоглоом биш, Х.Баттулга аа!

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу