ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийг дэмжигч, сэтгүүлч Павел Зарубинтэй өнгөрсөн Лхагва гарагт ярилцахдаа “Жо Байден Ерөнхийлөгч байх нь Дональд Трампын үеэс илүү дээр” гэж хэлжээ.

Зарубин удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар асуухад Путин “Байден бол илүү туршлагатай, урьдчилан таамаглах чадвартай, хуучны улс төрч учраас Орост илүү дээр байх болно” гэж хариулсан байна. Гэвч тэрбээр “ОХУ Америкийн ард түмний итгэлийг хүлээсэн удирдагчтай хамтран ажиллана” гэж нэмж хэлжээ.

Путин мөн одоогийн засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхийн тулд түүний “улс төрийн байр суурь”-ийг харах хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэрбээр “Би одоогийн засаг захиргааных нь байр суурь туйлын хор хөнөөлтэй, алдаатай гэж үзэж байна” гээд, Оросын Украин дахь дайны талаар дурьджээ.

Путины хэлснээр, хэрэв 2022 оны гуравдугаар сард Стамбулд болсон уулзалтын үеэр тохиролцсон гэрээ хэлцлүүд хүчин төгөлдөр байсан бол энэ дайн “нэг жил хагасын өмнө дуусах боломжтой байсан” аж. Гэхдээ тэрбээр ямар гэрээ хэлцлүүд болох талаар тодорхой яриагүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч 2022 оны хоёрдугаар сараас өмнө Украинд идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлж, барууны удирдагчид Орост “НАТО-г зүүн зүгт өргөжүүлэхгүй” гэж худал хэлсэн гэж мэдэгджээ.

Путин “Бид Украиныг НАТО-д татан оруулах магадлалд санаа зовж байсан, учир нь энэ нь бидний аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг юм” гэсэн байна.

Оросын удирдагч хэт барууны үзэлтэй хэвлэл мэдээллийн ажилтан Такер Карлсонтой саяхан хийсэн ярилцлагадаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Путин “Үнэнийг хэлэхэд би түүнийг түрэмгий, хатуу ширүүн асуултууд асууна гэж бодсон. Би үүнд бэлэн байгаагүй ч тийм асуултууд тавиасай гэж хүсэж байсан. Учир нь энэ нь надад хатуу хариулт өгөх боломж олгох байлаа” гэж ярьжээ. Тэрбээр “Үнэнийг хэлэхэд, би тэр ярилцлагаас бүрэн таашаал аваагүй” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу