Катарын Доха хотноо усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр 4х100 м-ийн холимог буухиа сэлэлтэд Монголын баг тамирчид хурд хүчийг сорив. Улмаар 4:05.09 амжилт үзүүлж, Монгол Улсын дээд амжилтыг дахин шинэчилсэн байна.

Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 онд Сингапур, 2027 онд Унгарын Будапешт хотод болох юм. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Дэлхийн усанд сэлэлтийн холбоо (FINA)-ноос энэ сарын 11-ний өдөр 2029 оны Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Бээжинд зохион байгуулахаар болсныг мэдэгдэв.

FINA-гийн ерөнхийлөгч Хуссейн Аль-Мусалам хэвлэлийн бага хурал дээр “Бээжингийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн усанд сэлэлт, усанд үсрэлт, синхрон сэлэлт, усан поло, задгай усанд сэлэлт, өндөр тавцангийн үсрэлт гэсэн зургаан том төрлөөр зохион байгуулагдана” гэж хэлсэн байна.

Тэрбээр “Бээжин усанд сэлэлтийн том тэмцээнийг дахин зохион байгуулж, тамирчид ур чадвараа дээд зэргээр үзүүлэх маш сайн нөхцлөөр хангана гэдэгт итгэлтэй байна. Бээжин хот олимпийн баялаг туршлагатай, хангалттай техник хэрэгсэл, спорт, соёлын нөөцтэй. Усанд сэлэлтийн ДАШТ-ийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах чадвар, туршлага Бээжин хотод бий” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу