АНУ-ын Миссури мужийн Канзас-Сити хотод болсон Америк хөлбөмбөгийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн (Super Bowl)-ий төгсгөлд буудалцаан болсны улмаас нэг хүн нас барж, 21 хүн шархаджээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, амь насанд нь аюул учирч болзошгүй найман хүн, мөн шархадсан, биеийн байдал нь маш хүнд долоон хүн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлсэн байна. Тус дүүргийн эмнэлгийнхэн шархадсан хүмүүсийн дунд есөн хүүхэд байгааг баталжээ. Цагдаа нар буудалцаантай холбоотой гурван сэжигтнийг баривчилсанаа мэдэгдсэн байна.

“Super Bowl” тэмцээн өнгөрсөн Ням гарагт болж, Канзас Сити хотын “Kansas City Chiefs” баг аваргаар шалгарч, тэдэнд зориулсан баярын жагсаалыг Миссури мужийн хамгийн том хот Канзас Ситид зохион байгуулж, тус багийн сая орчим шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигч оролцжээ.

Энэ үеэр Канзас-Сити хотын төвд байрлах “Юнион Стейшн” галт тэрэгний буудлаас баруун зүгт буун дуу гарсан байна. Жагсаал орон нутгийн цагаар 14:00 (GMT 20:00) орчимд дууссан бөгөөд эрх баригчдын мэдээлснээр, “Kansas City Chiefs” багийн тоглогчид эхний буун дуу гарах үед тайзан дээр байсан аж.

Албаныхны мэдээлснээр, тус газарт 800 гаруй цагдаа хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байжээ. Шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэхээр нийслэлийн гал унтраах ангийнхан ч бэлэн байсан аж.

Канзас хотын цагдаагийн дарга Стейси Грэйвсийн хэлснээр, буун дуу гарсны дараа цагдаа нар яаралтай хариу арга хэмжээ авч, хэргийн газар байсан мөрдөгчид даруй мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр ахлах Грейвс “Нийт 22 хүн халдлагад өртөж, нэг хүн нас барж, гурван хүнийг баривчилсан” гэж мэдээлсэн байна. Орон нутгийн радиогоор мэдээлснээр, тэдний нэг DJ Лиза Лопез буудалцааны үеэр амиа алджээ.

Албаны хүмүүс “Халдлагад өртсөн хохирогчдыг гурван эмнэлэгт хуваан хүргэсэн бөгөөд амь насанд нь аюул учирч болзошгүй хүмүүсийг буудалцаан болсноос хойш 10 минутын дотор яаралтай эмнэлэгт хүргэсэн” гэж мэдэгдсэн байна.

Хүүхдийн Мерси эмнэлгийн удирдлага “Бууны шархтай, 17-гоос доош насны есөн хүүхэд эмчлүүлж байна” гэж мэдэгджээ. Орон нутгийн эмнэлгүүд халдлагын дараа болсон гэнэтийн үймээн самууны улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийг эмчилж буй талаараа мэдэгдсэн байна.

Хотын албаныхан хохирогчдын нэр, нас болон баривчлагдсан сэжигтэнүүд, халдлагын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалж BBC-ийн АНУ-ын түнш “CBS News”-т хэлэхдээ “Хэрүүл маргаан, үл ойлголцлын улмаас буудалцаан болсон байж болзошгүй. Энэ нь терроризмтой холбоогүй” гэжээ.

Цагдаа нар хэрэг гарах болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд дижитал болон бусад эд мөрийн баримтуудыг цуглуулж буй талаараа мэдэгдсэн байна. Тэд энэ хэргийг нүдээр үзсэн гэрчүүдийг хууль сахиулах байгууллагад хандахыг хүсжээ.

Эх сурвалж: BBC, ABC NEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу