Иргэн Б.Пүрэв өнөөдөр (2024.02.15) иргэд арилжааны 18 телевизэд сар бүр хураамж төлж байгаа асуудлыг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ. Тэрбээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж, иргэдийг идэвхтэй оролцож, санал бодлоо тусгахыг уриалсан юм. Иргэн Б.Пүрэв “Нээлттэй санал асуулга явуулж, 100 мянган иргэний саналыг цуглуулснаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулах боломжтой” хэмээн үзжээ.

“Телевизүүд олон нийтийн санаа бодлыг удирдах, төрийн PR-ыг хийх,
дарга сайд нарыг магтан дуулах болон олон нийтийн дуу хоолойг
цөөлөх зам руу дөхөөд байна”

Иргэн Б.ПҮРЭВ: -Хувийн өмчит, ашгийн төлөө телевизүүд иргэдээс сүүлийн 2-3 жилийн хугацаанд хураамж авсаар ирсэн. Уг хураамжийг албан байдлаар суурь хураамж дээр нэмж шууд авдаг.

Сувгийн жагсаалтын эхэнд байдаг телевизүүд бүгд улс төрийн хамаарал бүхий хүний эзэмшилд байдаг. Жишээлбэл, UBS телевиз Л.Балхжав, TV5 телевиз УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нөхрийн хамаарал бүхий, SBN болон TM телевизүүд Наран группийн С.Болдхэт, C1 телевиз Женко Х.Баттулга гэх хүнтэй холбогддог гэх, TV9 телевиз УИХ-ын гишүүн Э.Батшугар, Mongol HD телевиз Ч.Чинбатынх гэх мэт.  

Эдгээр хүмүүст ард иргэд хэрэглээнээсээ шалтгаалж сар бүр 2500-3500 төгрөг төлдөг. Нийт 20-30 тэрбум төгрөгийг цуглуулж “Монголын телевизүүдийн холбоо” гэх төрийн бус байгууллагад хуримтлуулж, 18 телевизэд хуваарилдаг.

Анх хурааж эхлэхэд л иргэд эсэргүүцэж байсан. Яагаад бид төлөх ёстой вэ гэж асуухаар энэ бол Монголын телевизүүдийн холбооны асуудал, хуулиар ингэж зохицуулсан гэсэн хариу өгдөг. Энэ хууль 2019 оны шинэ жилийн үеэр батлагдаж, 2020 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байдаг. Үндсэн хуулийн холбогдох дөрвөн зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзээд, “Глоб интернэйшнл” төвийн хуульч н.Пүрэвсүрэн болон бусад иргэдтэй хамтран гомдол гаргаж байсан. Гэвч Үндсэн хуулийн цэцээс “Манайд хамаарах асуудал биш, УИХ-д хамаатай” гэсэн хариулт өгсөн. 

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн20.5.3-т

  • Өргөн нэвтрүүлгийн радио телевизүүд үндсэн багцын өргөн нэвтрүүлгүүдийн телевизийн үйлчилгээний орлогын албан татварын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авна.

20.6-д

  • “Өргөн нэвтрүүлгийн радио телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоонд энэ хөлсийг төвлөрүүлж авна” гэж заасан байна.

Тиймээс 100 мянган иргэн нэгдсэн санал хураагаад хуулийн төсөл санаачилдаг болсон боломжыг ашиглаад нийтийн өргөдлийг гаргаад байна.

Телевизүүдийг олон нийтийн санаа бодлыг удирдах хамгийн хүчтэй хэрэгсэл гэж үздэг. Тэр ч утгаараа төр 18 телевизэд онцгой давуу эрх олгож, тусгай хууль баталж өгсөн байна. Үүний хариуд телевизүүд олон нийтийн санаа бодлыг удирдах, төрийн PR-ыг хийх, дарга сайд нарыг магтан дуулах болон олон нийтийн дуу хоолойг цөөлөх зам руу дөхөөд байна гэж хардаж байна.

Карентиний үеэр маш олон суваг нэгэн зэрэг контент бэлдэж гаргасан. Тэр нь ард иргэдэд зориулсан биш, дан улс төрийн зорилготой байсныг бид эргэн санах хэрэгтэй. Энэ бол төр телевизүүдтэй хийсэн хамгийн том хаалтын гэрээ.

Нэг удаа, нэг сувгаар өөр. Олон давтамжтайгаар, олон сувгаар цацахад түүнд итгэж эхэлдэг, нийгмийн хэм хэмжээ мөн гэж итгэдэг. Тэгэхээр төр телевизүүдтэй хаалтын гэрээ байгуулжээ. Түүнийх нь төлбөрийг иргэд төлөхөөр зохицуулсан байна” гэлээ. 

Ийнхүү Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг УИХ эргэн харж, өөрчлөлт оруулах тухай ард иргэд нэгдэж, санал хурааж эхэллээ. Иргэн та ЭНД даран холбогдож, саналаа өгөх боломжтой юм байна. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу