Иргэн Э.Эрдэнэжамъян ашигт малтмалын нөөц ашигласны татвар (АМНАТ)-ын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж буйгаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ. 

Тэрбээр “Ашигт малтмалын тухай хуулиар байгалийн баялаг ашигласны төлбөр буюу ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэж төлбөр төлдөг. Харамсалтай нь, энэ хуульд өөрчлөлт орсноос болоод 2019 оноос хойш буруу зохицуулалтууд үйлчилж эхлээд байна. Үүнээс болоод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан хүнд болон баяжуулах үйлдвэрүүдийн дийлэнх зогсож, шинээр хөрөнгө оруулах сонирхол буурлаа. Өнөөдөр энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд АМНАТ-ын өрөнд орчихоод байна” хэмээн хэллээ. 

Үүний дараа “Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрах “Манай холбоонд нүүрс угаадаг, төмөр, жоншны хүдэр баяжуулдаг 30 орчим үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүд байгалийн баялгийг олдворлодоггүй, худалдаж аваад, боловсруулан, нэмүү өртөг шингээж, экспортолдог юм. Үйлдвэрүүд 2019 он хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байтал 2019 оны гуравдугаар сард хуульд гэнэт өөрчлөлт оруулсан.

Тухайн үед Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсэж байсан. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сард АМНАТ-ыг давхардалгүй болголоо гэх нэрээр экспортолсон этгээдийг АМНАТ төлдөг болгох хууль баталчихсан. Өөрөөр хэлбэл, хуулийг олон нийтэд буруу тайлбарлаж, ойлгуулаад батлуулчихсан гэсэн үг. 

Үүний улмаас үйлдвэрүүд бүгд өрөнд орчихоод байна. Аж ахуйн нэгж баяжуулж, боловсруулсан бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээгээд, экспортлоход олон улсын жишиг үнээр АМНАТ тооцож авдаг болсон. Тухайлбал, нэг тонн төмрийн хүдрийг 80 ам.доллароор экспортлоход 120 ам.доллароор зарсанд тооцож, АМНАТ ногдуулж байна. 

Мөн баяжмал дотор өчүүхэн хэмжээний хөнгөн цагаан, никель, хар тугалга гэх мэт дагалдаг элементүүд байдаг. Үүнийг олон улсын буюу Лондоны биржийн ханшаар зарсан гэж үзээд, АМНАТ ногдуулдаг болчихсон. Дэлхий нийтийн жишгээр бол, нэг удаа заавал АМНАТ ногдуулах ёстой. Гэтэл манайх давхардуулж аваад байна. 

Баяжуулах үйлдвэрүүд түүхий эдээ АМНАТ шингэсэн үнээр худалдаж аваад, экспортлохдоо дахин АМНАТ төлж байна. Ингэснээр тэд ажиллах боломжгүйд хүрч, татварын их хэмжээний өрөнд орлоо. Зарим ААН-үүдэд нэг их наяд төгрөг хүртэлх АМНАТ-ын өр үүсчихсэн байна. Энэ асуудлыг бид хөндсөөр ирсэн ч УИХ-ын сүүлийн найман удаагийн чуулганаар хэлэлцсэнгүй.

Төр засаг нь хувийн хэвшлээ дэмжинэ гэж яриад байдаг. Тэгсэн хэрнээ үйлдвэрүүд өрөнд орж, хаалгаа барьж байна. Энэ байдал цааш үргэлжилбэл өөрийн ордтой 18 баяжуулах үйлдвэр л үлдэнэ”  гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу