Нүүрсний хулгайтай тэмцэх ард түмний жагсаал 10 дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна. Жагсагчдын зүгээс Засгийн газрыг нүүрсний “хэрэг”-т холбогдсон улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн нэрсийг зарлах, Эрүүгийн хуулийн 22.1 буюу “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” заалтын хүрээнд улс төрчид ял наймаалцдаг, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлдэг нөхцөл байдлыг өөрчлөхийг шаардан жагссаар.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон түүний хамаарал бүхий этгээдүүд, тус компанийн удирдлагын зарим албан тушаалтнуудыг цагдан хорьж, шалгаж эхэлсэн. Экс захирал Б.Ганхуягийг нүүрсийг хууль бусаар тээвэрлэх, хил гаргахад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж, нэг сар цагдан хорих шийдвэр гарсан. Энэ хүрээнд хууль хяналтын байгууллагууд Эрдэнэс Тавантолгой компанитай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй компаниудыг шалгаж эхэлжээ.

Эрдэнэс Тавантолгой ХК-тай гэрээ байгуулан нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй компани, хувь хүмүүсийн нэрсийг ил болгохоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцолж байв.

Бид Эрдэнэс Тавантолгой болон бусад нүүрсний уурхайд тээвэрлэлт явуулдаг Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг ил болгож байна. Учир нь улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн оролцоо, хамаарал, нөлөөллөөр Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад давуу байдал бий болгосон байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Эрдэнэс Тавантолгой ХК-иас нүүрс тээвэрлэн богинын тээвэрт үйл ажиллагаа эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай 36 компанийн 2074 тээврийн хэрэгсэл, уртын тээвэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай 12 компанийн 3629 тээврийн хэрэгсэл, Гашуунсухайт дахь чингэлэг тээврийн терминалд тээвэр эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай 5 компанийн 543 тээврийн хэрэгсэлтэй танилц.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

DOBU эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл