УИХ-ын гишүүн Х.Ганхуяг сар шинийн баяраар ажлын тав хоног бүх нийтээр амардаг болох санал гаргалаа. 

Тэрбээр “Сар шинийн баяраа ажлын тав хоногт тэмдэглэх санал гаргаж байна. Бусад баяр гэгдэх тэмдэглэлт өдрүүдийг хэрхэх тал дээр иргэд санал бодлоо илэрхийлээрэй. Амралтын хоногийг нэмэх нь зөвхөн олон хоног амрах асуудал биш бөгөөд гурван үндэслэл дээр тулгуурлаж ойлгох хэрэгтэй.

Нэгдүгээрт, ач холбогдол өгөх шаардлагагүй өөр улсын уламжлалт өдрүүдийг баяр мэт ойлгодог болсон өнөө цаг үед үндэсний соёлоо иргэдийн сэтгэлзүйд дархлаажуулах нь төрийн бодлого байх учиртай. Нэгдсэн улс хүчирхэгжиж, дэлхий даяарчлагдаж эхэлснээс хойш валентин, сүнсний баяр, зул сар, хар баасан гараг гэх мэт өдрүүд үндэсний үзэл суларсан улс орнуудад нөлөөлж, чухал өдрүүдийнх нь нэг болсон.

Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн түүх, дэлхийн монголчуудын өв соёлд хамааралгүй гадны тэмдэглэлт өдрүүдэд ач холбогдол өгөн, дагаж давлагаалах нь үндэсний дархлаа сулрахад ч нөлөө үзүүлнэ. Бизнесийн байгууллагууд эдгээр өдрүүдэд хямдрал зарлаж байгаа нь менежмент.

Хоёрдугаарт, эрх зүйт нийгэмд шилжсэнээс хойш улс орнууд хүний эрхийг хамгаалах зорилгоор зарим өдрүүдийг тэмдэглэсэн нь баяр гэсэн үг биш. Жишээ нь, манай улсын хувьд гуравдугаар сарын 8-ныг Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хамгаалах тэмцлийн зорилгыг мартагдтал баярын өдөр болгосон. Бид ганцхан жилд хориод баяр тэмдэглэж байна. Тэгэхээр олон тэмдэглэлт өдрүүдийг баяраас ялгаж салгах тал дээр анхаарах цаг үеийн шаардлага бий болжээ.

Гуравдугаарт, ер нь олон “БАЯР” гэх өдрүүд бэлтэй хүмүүсийн хувьд аархал, бэл муутай айлуудад хүндрэл болж байхыг ч үгүйсгэхгүй. Харин үндэсний томоохон баяраа онцлогт нь тааруулж, ямар хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх, түүгээр дамжуулж эх оронч сэтгэлгээ, үндэсний соёл, өв уламжлал, ураг садны хэлхээ холбоо, эцэг эхээ хүндэтгэх ёсон гээд бидний дархлаа болсон гол хоёр баяраа өргөн хүрээнд тэмдэглэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна.

Сар шинийн баярыг гурав хоногт тэмдэглэх нь хөдөө орон нутаг руу зорчиж золголт хийдэг залууст давчуу хугацаа, мөн өндөр настан, ахмадуудад ачаалал ихсэх гээд амралтын хоногт өөрчлөлт оруулах шаардлага байгааг бид Луу жилийн босгон дээр харлаа шүү дээ” хэмээн цахим хуудастаа бичжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу