Украинд дайн гурав дахь жилдээ үргэлжилж, Газын зурваст тулаан ширүүсч, Ойрхи Дорнодыг хамарсан нэлээн ноцтой хямралыг өдөөж буй. Дэлхийн аюулгүй байдлын ажиглагчид энэ адармаатай цаг үед Ким Жоны Уны сүүлийн үеийн өдөөн хатгалга, цэргийн зорилго эргэлзээ төрүүлж буй тул Хойд Солонгосыг анхааралтай ажиглаж байна.

Тус улсын удирдагч сүүлийн хэдэн долоо хоногт Өмнөд Солонгосын талаар хэдэн арван жилийн турш баримталж ирсэн бодлогоо “хойш тавьж”, өдгөө өмнөдтэй эвлэрч, дахин нэгдэхийг эрэлхийлэхээ больсон гэж мэдэгдэхийн зэрэгцээ “мөнхийн дайсан” гэж нэрлэхийг уриалсан.

Солонгосын мэдээллийн төв агентлаг (KCNA) Ким өнгөрсөн сард улс төрийн цуглаан дээр “Хойд Солонгос дайныг хүсэхгүй ч үүнээс зайлсхийхгүй” гэж мэдэгдсэн талаар мэдээлжээ.

Тэр Өмнөд Солонгосыг албан ёсны нэрээр нь БНСУ гэж онцлоод, “Хэрэв дайн болвол тус улсыг эзлэн авч, Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт хамруулна” гэж дурдсан байна.

Цөмийн хүчин чадалтай Хойд Солонгосын бодлогын томоохон өөрчлөлт нь зэвсгийн туршилт, тэнгисийн хамгаалалтын бүс рүү пуужингууд харвасан, АНУ-ын “сөргөлдөөн”-ий хариуд дайны бэлтгэлээ эрс нэмэгдүүлэхийг зэвсэгт хүчиндээ уриалсан зэрэгтэй “давхцав”.

Эдгээр үйл явдлууд олон улсын анхаарлыг татаж, туршлагатай ажиглагчдын дунд нууц дэглэмтэй тус улсын удирдагчийн санаа зорилгын талаар элдэв таамаг дэвшүүлэхэд хүргэж буй юм.

Ким хэзээ, хэрхэн гох дарахаар төлөвлөж байгааг хэн ч мэдэхгүй.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2023 оны арванхоёрдугаар сард АНУ-ын “хэтийдсэн үйлдэл”-ийн улмаас дайнд бэлтгэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой гэж мэдэгдсэнийг Солонгосын цахим мэдээллийн агентлаг дамжуулж байв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны хурал дээр үг хэлж, Ардын арми, батлан хамгаалахын үйлдвэрлэл, цөмийн зэвсэг, иргэний хамгаалалтын салбар дайнд бэлтгэх ажлаа цаашид эрчимжүүлэх ёстой гэж мэдэгджээ.

Ким “Ийм зорилго тавих болсон нь АНУ болон түүний “дагуул” орнуудын хэтийдсэн үйлдэл хил хязгаарыг давсны улмаас Солонгосын хойгт цэрэг, улс төрийн ноцтой нөхцөл байдал үүссэн”-тэй холбоотой” гэж онцолсон байна.

Үүний зэрэгцээ Ким Жон Ун “империалистуудын эсрэг байр суурьтай, бие даасан орнууд”-тай стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, дэлхий дээр гарч буй өөрчлөлтийн хариуд “империалистын эсрэг хамтын үйл ажиллагаа, хамтын тэмцлийг баатарлагаар явуулна” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу