Цас зудын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар өнөөдөр (2024.02.16) ээлжит бусаар хуралдлаа. Уг хурлаар тэжээл, хужир шүү, гурилын бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх асуудлыг УИХд өргөн барихаар болжээ.

Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цаг агаарын байдал хүндэрсэн орон нутагт 34 тэрбум төгрөг зарцуулж, хэд хэдэн арга хэмжээг авахаар болжээ. Уг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Тодруулбал,

  • Цас, зудтай байгаа орон нутгийн иргэдэд эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх зардлыг гаргах,
  • Тэжээл, хужир шүү, гурилын бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, 
  • Аймаг орон нутгуудад зам, харгуй гаргах, холбоотой зардлыг гаргах, 
  • Нөхцөл хүндэрсэн орон нутгуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ажлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоор ахлуулж, зохион байгуулах, 
  • Малын сэг зэм устгах зардлыг шийдэх,
  • Отор нүүдлээр яваа иргэд, малчдад эм тарианы багц хүргэх,
  • Нийслэлийн хэмжээнд үүсэж болзошгүй шар усны үерээс сэрэмжлэх ажилд зарцуулах зардлыг гаргах,
  • Алслагдсан сум, орон нутагт эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний машин нийлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, холбогдох зардлыг гаргахаар боллоо. 

Мөн ЦУОШГ-ыг сайжруулах хүрээнд цаг уурын урьдчилсан мэдээллийг гаргадаг радарын хоёр станц байгуулах зардлыг шийдэхээр болжээ. 

Улсын өвсний нөөцөөс хүнд нөхцөлд байгаа аймаг, сумын малчдад үйлдвэрийн үнээр хүргэх бөгөөд өнөөдөр (2024.02.16)-өөс 6000 тонныг хүргэхээр замдаа гарсан байна.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу