Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарласан.

Тус багийн бүрэлдэхүүнд ОУХМ Т.Санчир, Д.Дэлгэрням нар багтаагүй. Тэд шигшээ багт ороогүйд сагсан бөмбөг сонирхогчид гайхаж, сэтгэл дундуур байгаа юм. Үүнтэй холбогдуулан Т.Санчир цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг өгчээ. 

Тэрбээр “Шигшээ багийн залуустаа амжилт хүсье. Дараагийн шатанд шалгарна гэдэгт итгэлтэй байна. Хэн байх, байхгүй нь чухал биш байх. Гол нь эв нэгдэл багийн ойлголцол чухал гэж боддог. Зөндөө хүмүүс надаас асууж байна. Бид тамирчид болохоор сонгох, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс биш.

Талбай дээр чадах бүхнээ л хийж шигшээ багийнхаа төлөө тоглодог хүмүүс. Ерөнхий дасгалжуулагч бид хоёрын асуудал үүгээр дуусаг. Манай шигшээ багийн залуусыг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа.

Надтай үл ойлголцоод, хамтарч ажиллаад, амжилт гаргана гэж худлаа байх. Шигшээ багийн нэрийн өмнөөс дахиж талбайд гарахгүйгээ үүгээр мэдэгдэж байна. Сагсан бөмбөгт дуртай үзэгчдэдээ хандаж хэлэхэд “Шигшээ багаа тултал нь дэмжээрэй” хэмээжээ. 

Сануулахад, Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Грекийн мэргэжилтэн, “Эрдэнэт Майнерс”-ын дасгалжуулагч Фрагкиас ажиллана.

Багийн бүрэлдэхүүнд: 

  • М.Өлзий-Орших (Би Сэй Эйч Гарьд)
  • Т.Ууганбаяр (Бишрэлт Металл)
  • Г.Ган-Эрдэнэ (Эрдэнэт Майнерс)
  • О.Эрдэнэцогт (Би Сэй Эйч Гарьд)
  • Н.Батбаяр (Ай Эйч Си Эйпс)
  • А.Тэмүүжин (Эрдэнэт Майнерс)
  • С.Төгөлдөр
  • А.Ананд (Хасын Хүлгүүд)
  • О.Энхбаатар (Эрдэнэт Майнерс)
  • А.Энхбаясгалан (Бишрэлт Металл)
  • Б.Билгүүн (Хасын Хүлгүүд)
  • О.Тулга (Япон)
  • Х.Оргил (Япон)
  • А.Азбаяр (Хасын Хүлгүүд) нар багтжээ.

Тэд энэ сарын 22-ны 19:30 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг Шиан хотод, дараа нь 25-ны 15:00 цагт UG Arena-д Гуамын шигшээ багтай тоглох хуваарьтай байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу