Монгол Улсаас анх удаа биологийн багш, сурагчдын бүтээл Кэмбрижийн шинжлэх ухааны судалгааны тэмцээний тэргүүн байрын шагнал хүртжээ. Тодруулбал, Байгалийн шинжлэх ухааны судалгаат хичээлийн уралдаан (The Cambridge Upper Secondary Science Competition) Кэмбриджийн хөтөлбөртэй сургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг.

Энэхүү тэмцээнд 2023 онд орон орны 270 баг оролцсоноос “Шинэ үе” сургуулийн С.Тамир, Д.Чинзориг багштай есдүгээр ангийн сурагчдын “Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлэх нь” (Biological Assessment of Water Quality of the Selbe River in Ulaanbaatar, Mongolia) сэдэвт судалгааны бүтээл Монгол Улсаас анх удаа тэргүүн байр эзэлжээ.

Тэд Зүүн Азийн Шилдэг (The Best in East Asia November 2023 award) шагналын эзэд болсон төдийгүй Дэлхийн шилдгээр (The Best in World November 2023 award) шалгарсан байна. Энэхүү бахдам амжилтын эздийн баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе. 

С.ТАМИР: БАГШ ХҮНИЙ БАХАРХАЛ ШАВЬ НЬ АМЖИЛТ ГАРГАХАД БАЙДАГ

“Шинэ үе” сургуулийн биологийн багш С.Тамир “Бидний бүтээл Монгол Улсаас анх удаа дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, түүхэнд үлдэх амжилт болж буйд маш их баяртай байгаа. Энэхүү амжилт маань Биологийн судлагдахууны хамт олон, багш, сурагчдын хамтын хичээл, зүтгэл юм. 

“The Cambridge Upper Secondary Science Competition” уралдаанд Кэмбридийн хөтөлбөр хэрэгжиж буй дэлхийн 10 мянга гаруй сургуулийн сурагчид оролцоход нээлттэй байдаг. Оролцохын тулд баг бүрдүүлж, багшийн зааварчилгаа, чиглүүлгээр ажиллана. Сурагчдад шинжлэх ухааны арга барилыг эзэмшүүлэхийн тулд агуулгыг нь илүүтэй танилцуулж, сонирхолтой байдлаар заах нь чухал байдаг.

Хичээл эхлэхийн өмнө сонирхолтой асуудал дэвшүүлж, сурагчдад яагаад гэх эргэцүүлэл төрүүлэх нь шинжлэх ухаанд дурлах, сонирхох сэдлийг нь өдөөж өгдөг. Шинжлэх ухаанч арга барил нь сурагчдыг төвлөрч сурахад нь маш том түлхэц болдог. 

Энэхүү уралдаанд ороход бидэнд арга зүйн туршлага дутагдаж байсан. Иймд МУБИС болон МУИС-ийг түшиглэж, тэнхимийн багш нараас нь зөвлөгөө, дэмжлэг авсан. Бид “Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлэх нь” сэдвийг сонгож, судалгааны ажлаа хийж, бүтээлээ явуулсан. Уралдаанд оролцож буй багуудад тулгамддаг гол асуудал нь сэдэв сонголт гэдгийг ойлгосон.

Хэрэв сэдвээ зөв сонгож чадвал амжилт гаргаж болохыг олж харлаа. Сэдвээ сонгохдоо хүүхдүүдтэйгээ ярилцаад тогтвортой хөгжлийн бодлого руу чиглүүлсэн. Тогтвортой хөгжлийн цаана экосистем, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах тал руу чиглүүлдэг. Д.Чинзориг багш бид хоёр усны бохирдлын асуудал дээр төвлөрч, судалгааны ажлаа явуулахад санал нэгдсэн.

Усны чанарыг үнэлэх хими, биологи, физикийн аргууд байдаг. Биологийн аргыг сонгосноор усан дотор амьдардаг сээр нуруугүй амьтдын авгалдайг тодорхойлж биотик индексийг гаргаснаар тодорхой хугацааны дараах усны шавжийн дасан зохицолд тулгуурлан усны бохирдлын зэргийг гаргаснаараа илүү давуу талтай байсан. Энэ судалгааны бүтээл нь биологийн хамтарсан цогц бүтээл болж чадсан.

Судалгаанд гарсан бэрхшээл гэвэл хугацаа богинохон байсан. Сурагчид маань энэхүү уралдаанаас багаар ажиллах, бусдыгаа сонсох чадварт суралцсан. Мөн хичээл дээр үзсэн амьтдыг өөрсдөө харж, таньж, ялгах чадварт суралцсан. Аливаа зүйлд мэдээлэл боловсруулах, дата өгөгдлийг боловсруулах чадварыг давхар эзэмшиж чадсан. 

Багш хүний бахархал шавь нь амжилт гаргахад байдаг. Шавийнх нь нүд гэрэлтэж, тухайн хичээлийг ойлгоод, багшаас асуулт асуух гэсэн тэр эрмэлзэл хамгийн гоё мэдрэмж байдаг.

Миний бие боловсролын байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байна. Миний ажил амьдралын гараа Төв аймгийн Жаргалант сумаас эхэлсэн. Хүн хаана ажиллаж байна түүнийгээ дагаад өөрийгөө илүү сайн боловсруулж, дасан зохицож, цаг үеэ мэдэрч хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Сумын сургуульд тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж дулимаг учир сурагчдаар ихэвчлэн гар бүтээл хийлгэдэг байсан. Харин олон улсын хоёр хөтөлбөр хэрэгжүүлдэг, хими, физик, биологийн тусгай лабораторитой сургуульд багшилснаар энэхүү амжилтыг гаргах үндэс болсон юм.

Багш мэргэжлээсээ халшрах, шантрах үе гарч байсан. Бид нэг хичээлийг бэлдэхийн тулд хамгийн багадаа 4-5 цагийг зарцуулдаг. Манай хөтөлбөрийн хувьд хоёрдогч хэл дээр хичээлээ бэлтгэж, мэргэжлийн нэр томьёогоо сурагчдадаа хүргэхэд надад хэлний бэрхшээл тулгарч байсан.

Багш хүнд ажлын тогтсон цаг гэж байдаггүй. Шөнө ч байсан сууж л байдаг. Энэ бүгдийн ард сурагчдадаа хүргэх мэдлэг цогц байдлаар гарч ирдэг. Тиймээс гэр бүлдээ зарцуулах цаг хомс учир бэрхшээлүүд тулгардаг. Энэ бүгдийг ар гэр нь илүү сайн ойлгож байж амжилттай ажиллах боломж бүрддэг. Үргэлж, ойлгож дэмжиж байдаг ханьдаа баярлалаа.

Д.ЧИНЗОРИГ: ХҮҮХЭД, ЗАЛУУС БИОЛОГИЙГ СОНИРХОЖ СУДЛАХ ХАНДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

Кэмбрижийн хөтөлбөр нь 1858 оноос эхлэн хэрэгжиж байгаа хөтөлбөр бөгөөд манай улсын хувьд 2008 оноос хойш албан ёсоор Кэмбридж хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиуд хэрэгжүүлж эхэлсэн байна. 

“Шинэ үе” сургуулийн Биологийн багш Д.Чинзориг “Дэлхийд Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг 10 мянга орчим сургууль байдаг. 2023-2024 оны хичээлийн жилд Кэмбриж хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй 31 сургууль Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Үүний дөрөв нь улсын сургууль, 27 нь хувийн сургууль байна. Эдгээр 31 сургуулиас 2023 онд “The Cambridge Upper Secondary Science Competition” уралдаанд есөн баг оролцсоны гурав нь манай сургуулийнх байсан.

Уралдаанд физик, хими, биологи, газар зүй, хүрээлэн буй орчны менежмент зэрэг хичээлээр 14-16 насны сурагчид 3-6 хүнтэй баг бүрдүүлэн судалгаа хийж, өрсөлдсөн. Манай судалгаа 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд Бүсийн шилдэг (The Best in East Asia November 2023 award)-ээр шалгарсан. Дараа нь судалгааны бүтээлээ дэлхийн шилдэгт өрсөлдүүлэхэд тэргүүн байрын шагнал хүртсэн гэхэд эхлээд итгээгүй. Энэхүү амжилтыг гаргасандаа маш их баяртай байгаа.

Байгалийн шинжлэх ухаанаас хамгийн түрүүнд физик хөгжсөн. Физик дээр суурилж хими хөгжсөн. Энэ хоёр дээр суурилж биологийн шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж байна. Залуу шинжлэх ухаан учир судлах зүйл маш их байгаа. Иймд хүүхэд, залуус биологийг сонирхож, судлах хандлага нэмэгдсэнд баяртай байна.

Миний хувьд ес дэх жилдээ багшилж байна. Сүүлийн таван жил олон улсын олимпиадад хүүхдүүд бэлтгэж, өөрөө шүүгч багшаар ажилласан. Энэ хугацаанд миний дөрвөн шавь олон улсын биологийн олимпиадаас медаль хүртсэн. Шавийн амжилт багшид маш их урам зориг өгдөг. 

“Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлэх нь” бүтээлээрээ “The Best in World November 2023 award”-ийг хүртсэн “Шинэ үе” сургуулийн 9-р ангийн сурагчдаас сэтгэгдлийг сонслоо. Тэдэнд судалгааны явцад ямар асуудал тулгарсан болон биологийн шинжлэх ухааны талаар сонирхолтой яриа өрнүүллээ. 

Б.Индранил: Бидний хийсэн судалгаа ийм хэмжээний амжилт гаргана гэж төсөөлөөгүй. Судалгаа хийх 3-4 долоо хоногийн хугацаанд сургууль дээрээ 22 цаг хүртэл суудаг байсан. Өөрсдийнхөө бүхий л нөөц боломжоо шавхсан гэж хэлэхэд болно. Тиймээс энэ амжилтыг гаргаж чадсандаа маш их баяртай байна. 

М.Мөнххүсэл: Бидний сургуультай ойрхон, хотын төвөөр урсдаг гол үерийн дараа хэрхэн бохирдгийг судалгаагаараа мэдсэн. Мөн багаар хэрхэн ажиллах болон асуудлуудыг даван туулах чадварт суралцсан. 

Б.Солонго: Би биологи судлахаасаа өмнө өөртөө итгэлгүй, хичээнгүй байж чаддаггүй байсан. Харин биологийн хичээлийг сонирхож, энэхүү судалгааг хийснээрээ тууштай, хичээнгүй, зорилгодоо үнэнч, шударгаар байх чадваруудыг сурсан.

Биологи нь хүнтэй хамгийн ойр байдаг шинжлэх ухаан гэж боддог. Мөн залуу шинжлэх ухаан учир шинэ нээлт хийх хамгийн их боломжтой гэдгээрээ давуу талтай. Тиймээс би 8-р ангиасаа хойш биологийн хичээлдээ шамдан суралцаж байгаа. 

М.Мөнх-Оргил: Миний хувьд биологийн хичээлд яагаад татагдсан бэ гэхээр, биологи нь хүний бие, амьтад, экосистемийг судалдаг. Хүний биеийг судлах нь одоо болон ирээдүйд маш их ач тустай гэж бодон шинжлэх ухааныг 7-р ангиасаа судалж эхэлсэн. 

У.Должинсүрэн: Судалгаа хийх явцад бидэнд олон хөгжилтэй зүйл тохиолдсон. Усан доторх шавжуудаа тодорхойлох явцад хоорондоо ярилцаагүйгээс болоод амьтдаа буруу нэршилсэн байсан. Зарим маань шавжуудаа өөрийнхөө хүүхэд гэж тэмдэглэсэн байхад зарим нь гурвалжин, дөрвөлжин гэх мэт дүрсээр тэмдэглэсэн байх жишээтэй. Дараа нь тэрийгээ кодолж, янзалсан. Бас бид спиртийн хурц үнэрт ажиллаж байсан болохоор тэрэндээ согтсон. Орой бүр гэртээ согтуу хүн шиг, толгой өвдөөд очдог байсан. 

С.Ялгуун: Судалгаа хийнэ гэдэг бол маш их хөдөлмөр шаардана. Бид анх нэг баг болоход усан дотор сээр нуруугүйтэн байдаг үгүйг ч мэдэхгүй байсан. Миний хувьд биологид анхнаасаа дурласан байсан уу гэвэл үгүй. Харин биологи намайг олж ирсэн.

Энэ цаг үеэс хойш би биологид дуртай болж, хичээж чадвал амжилт гаргаж болно гэдгийг харлаа. Судалгаа хийгээд богино хугацаанд амжилт гаргахгүй байсан ч тодорхой хугацааны дараа ямар нэгэн үр өгөөжээ өгөх болохоор хичээвэл бүх зүйл болно шүү гэж хэлмээр байна. 

Энэхүү уралдаанд оролцсоноор сурагчид дараах чадваруудыг эзэмшжээ. Үүнд: 
  • Эрдэм шинжилгээ, дадлага, туршилтын ажлаар дамжуулан шинжлэх ухаанд сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй болох.
  • Хичээл дээр судалсан байгалийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг баяжуулах.
  • Сурч мэдсэн зүйлээ үе тэнгийнхэн болон олон нийтэд танилцуулах.
  • Кэмбридж суралцагчийн шинж чанар болох өөртөө итгэлтэй, хариуцлагатай, шинийг санаачлагч, оролцоотой, өөрийн хийсэн үйлдэл үйл ажиллагааг эргэцүүлэх чадваруудаа хөгжүүлэх.
  • Амьдралд хэрэгтэй суурь чадварууд болох судалгаа шинжилгээний ажил хийж эргэцүүлэн бодох, хамтран ажиллах, өөрийгөө зөв илэрхийлэн бусадтай харилцаа холбоо тогтоож, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх.
  • Коллеж, их дээд сургуульд элсэн суралцах, ажлын байранд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх.
  • Олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжийг олгох зэрэг давуу талуудыг эзэмшдэг байна.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Л.ХОНГОРЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу