ОХУ-ын Сибирийн Ямало-Ненецкийн автономит тойргийн 3-р хорих ангид ял эдэлж байсан, тус улсын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный 2024 оны хоёрдугаар сарын 16-нд нас баржээ. Тэрээр алхаж яваад гэнэт бие нь тавгүйрхэж, ухаан алдсан байна.

Тус хорих байгууллагын эмнэлгийн ажилчид тэр даруй ирж, анхан шатны тусламж үзүүлээд, түргэн тусламж дууджээ. Түүнд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ хийсэн боловч амийг нь аварч чадаагүй талаар ОХУ-ын Холбооны ял шийтгэл гүйцэтгэх албанаас өнгөрсөн Баасан гаригт мэдэгдсэн байна.

Оросын эрх баригчид Алексей Навальный (47 настай) нас барсныг баталсан ч түүний үхлийн шалтгааны талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа аж.

Навальныйн хоригдож байсан ОХУ-ын Сибирийн Ямало-Ненецкийн
автономит тойргийн 3-р хорих анги

Дараа нь юу болсон бэ

  • Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Владимир Путинд Алексей Навальный нас барсан талаар мэдээлсэн. Холбооны хорих газар, Мөрдөн байцаах хорооны холбогдох шалгалт үргэлжилж байна” гэж мэдэгджээ.
  • Хууль сахиулах байгууллагуудтай ойр байдаг “База” суваг “Навальныйн бие өнгөрсөн Баасан гаргийн 13:00 цагийн үед тавгүйрхэж, 14:17 цагт нас барсан” гэж мэдээлсэн байна.
  • “RT” суваг эх сурвалжийн мэдээллээс иш татан “цусны бүлэгнэл”-ийн улмаас нас барсан гэж мэдээлсэн ч албан ёсоор батлагдаагүй байгаа аж.
  • Навальныйн өмгөөлөгч Леонид Соловьев “Харпад Лхагва гарагт бүх зүйл сайн байсан” гэж мэдээлжээ.
  • Навальный хоёрдугаар сарын 15-ны Пүрэв гарагт Ковровын шүүх хуралд алсын зайнаас оролцсон бөгөөд тэр хэвийн харагдаж байсан аж.
  • Алексей Навальныйн гэр бүл болон хамтран зүтгэгчид түүний өмгөөлөгчийг колонид ирэх хүртэл улстөрчийг нас барсан гэдэгт итгээгүй байна. Навальныйн эхнэр Юлия Мюнхений Аюулгүй байдлын бага хурал дээр түүний үхлийн тухай мэдээлэл гарахаас өмнө үг хэлэхээр төлөвлөжээ.

Юлия Навальная “Бид зөвхөн Оросын засгийн газрын эх сурвалжаас авсан энэ аймшигт мэдээнд итгэх эсэхээ мэдэхгүй байна. Олон жилийн турш бид Путин болон Путины засгийн газарт итгэл алдарсан. Тэд үргэлж худлаа ярьдаг. Гэхдээ хэрэв энэ үнэн бол Путин болон түүний эргэн тойронд байгаа бүх хүн манай улсад, миний гэр бүлийн өмнө хийсэн бүхнийхээ төлөө хариуцлага хүлээх болно гэдгээ мэдээсэй гэж хүсч байна. Мөн энэ өдөр тун удахгүй тохионо. Би олон улсын хамтын нийгэмлэг болон бүх ард түмнийг нэгдэж, энэ бузар муу муухайг ялахыг уриалмаар байна” гэж хэлжээ.

Юуг мэдэх чухал вэ

  • Алексей Навальный 2021 оны нэгдүгээр сараас хойш “Новичок” бодист хордсоны улмаас эмчлүүлж байгаад, Германаас буцаж ирээд хоригдсон.
  • Тэр 2022 онд залилангийн хэргээр есөн жилийн хорих ял авчээ. Өнгөрсөн жил Навальныйг хэт даврагч бүлэглэлийн гишүүн хэмээж, 19 жилийн хорих ял оноосон.
  • Навальный ял эдлэх хугацаандаа нийт 27 удаа тасралтгүй хорихын сахилгын өрөөнд хоригджээ. Хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Ева Меркачева сахилгын өрөө маш хүнд нөхцөлтэй талаар хэлсэн байна.
  • Холбооны хорих газрын ажилтан асан “Цусны бүлэгнэлт, тромбоэмболизм нь шоронгийн эмч нарын стандарт онош бөгөөд бүх зүйлийг түүгээр тайлбарлаж чадна” гэж хэлсэн байна. Задлан шинжилгээний дараа л оношийг батлах, эсвэл үгүйсгэх боломжтой гэжээ.

ДЭЛХИЙН УДИРДАГЧДЫН ХАРИУ ҮЙЛДЭЛ

Германы канцлер Олаф Шольц:

-Би Навальныйтай Берлинд уулзаж, Орос руу буцах “эр зоригийнх” нь талаар ярилцсан. Тэр амь насаараа эр зоригийнхоо төлөөсийг төлсөн байх.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак:

-Энэ бол аймшигтай мэдээ. Оросын ардчиллыг хамгийн шаргуу хамгаалагчийн хувьд Алексей Навальный амьдралынхаа туршид гайхалтай эр зоригтойгоо харуулсан. Энэ мэдээ түүний эхнэр болон Оросын ард түмний хувьд үнэхээр эмгэнэлтэй мэдээ юм.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг:

-Навальныйн үхлийн шалтгааныг маш тодорхой болгох ёстой бөгөөд “Орос улс ноцтой асуултуудад хариулах ёстой.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен:

-Алексей Навальный нас барсан тухай мэдээг сонсоод цочирдож, гүнээ харамсаж байна. Путин ард түмний эсэргүүцлээс өөр юунаас ч айдаггүй. Путин болон түүний дэглэм гэж юу болохыг харуулж, сануулж байна. Автократ дэглэмийн эсрэг дуугарч зүрхэлсэн хүмүүсийн эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө нэгдэцгээе.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен:

-Путины байгуулсан тогтолцооны гол сул тал, ялзралыг л харуулж байна. Үүний хариуцлагыг Орос хүлээх ёстой.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан:

-Аймшигтай мэдээ. Оросын засгийн газар өрсөлдөгчдөө хохироож ирсэн жигшүүрт түүхтэй.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский:

-Түүнийг Путин алсан нь ойлгомжтой.

Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили:

-Алексей Навальныйн үхэл ардчилал, хүний ​​эрхийг хамгаалагч бүх хүний эмгэнэл юм. Түүний гэр бүл болон ардчиллын төлөө тэмцсээр байгаа Орост эмгэнэл илэрхийлье.

Латви улсын Ерөнхийлөгч Эдгарс Ринкевич:

-Алексей Навальныйг Кремль зэрлэгээр хөнөөсөн. Энэ бол баримт бөгөөд Оросын өнөөгийн дэглэмийн жинхэнэ мөн чанарын талаар та мэдэх хэрэгтэй.

Германы канцлер асан Ангела Меркель:

-Алексей Навальный нас барсныг мэдээд би маш их сэтгэлээр унасан. Тэрээр хэлмэгдүүлэлтийн, хүчирхийллийн золиос болсон. Тус улс зоригтой, айдасгүй, үнэнч иргэдийн дуу хоолойг зүй бус аргаар дарж байгаа нь аймшигтай юм.

ОРОСЫН СӨРӨГ ХҮЧНИЙ ХАРИУ ҮЙЛДЭЛ

Оросын хамгийн хүнд, хэцүү нөхцөлтэй шорон гэгддэг, Умард хязгаарын “Туйлын Чоно” нэртэй шоронд ял эдэлж байсан Навальный амиа алдсантай холбогдуулан дэлхийн удирдагчид байр сууриа илэрхийлсээр буй юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин одоогийн байдлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа ажээ.

“Новая газета” сонины ерөнхий редактор асан Дмитрий Муратов:

-Энэ бол аймшигтай мэдээ. Цусны бүлэгнэлт нь 27 удаа сахилгад суулгасны шууд үр дагавар гэдэгт би итгэлтэй байна. Энэхүү шийтгэл нь хүнийг хөдөлгөөнгүй байлгаж, илчлэг багатай хоол хүнс өгдөг. Агаар дутагдаж, байнга хүйтэн орчинд байна гэсэн үг. Алексей Навальныйг гурван жилийн турш тарчлаан зовоож, тамласан. Навальныйн эмч надад хэлэхдээ “Бие нь үүнийг тэсвэрлэж чадахгүй. Алексей Навальныйн ял дээр хүн амины хэрэг нэмэгдсэн” гэж хэлсэн.

Сэтгүүлч, зохиолч Дмитрий Глуховский:

-Оросын улс төр буй хамгийн зоригтой хүн харгис хэрцгийгээр алуулдаг. Түүнийг хордуулж, тусгаарлаж, бүх насаар нь Хойд туйлын тойрогт цөлдөг. Оросын дэглэм зуун хувь хортой. Тэр дэлхийд зөвхөн үхэл, өвчин, гай зовлон авчирдаг.

Улс төр судлаач Федор Крашенинников:

-Алуурчин хэн болохыг бид бүгд мэдэж байна. Алуурчин бол Путин.

“Эхо Москвы” сэтгүүлийн ерөнхий редактор асан Алексей Венедиктов:

-Энэ бол бүх Оросын хувьд аймшигтай мэдээ. Алексей Навальныйг дэмждэг ч бай, дэмждэггүй ч бай бүгд үгүйлэх болно.

Улстөрч Михаил Ходорковский:

-Владимир Путин түүний нас барсны хариуцлагыг хүлээх ёстой. Алексейг хордуулахыг зөвшөөрч, дараа нь шоронд хорьсон.

Сөрөг хүчний төлөөлөл Гарри Каспаров:

-Путин Навальныйг богино хугацаанд, нууцаар хордуулахыг оролдсон ч бүтэлгүйтсэн. Түүнийг шоронд удаан хугацаагаар хорьж хөнөөжээ. Тэр Путин болон түүний мафийнхныг луйварчин, хулгайч болохыг илчилсэн учраас алуулсан байна.

Улс төрч Дмитрий Гудков: 

-Хэрэв бүх зүйл батлагдсан бол Алексейн үхэл аллага. Путин зохион байгуулсан. Алексей “байгалийн” шалтгаанаар нас барсан гэх боловч энэ нь түүнийг хордуулсантай холбоотой бөгөөд шоронд тарчилсаны илрэл.

Хүний эрхийн төлөө тэмцэгч Ольга Романова:

-Энэ бол аллага. Үүнийг дэлхийн хүн бүр ойлгох ёстой. Навальныйг алах тушаалыг захиалагч хэдэн жилийн өмнө өгсөн бөгөөд захиалгаа цуцалсангүй. Үйлчлүүлэгчийн нэрийг Владимир Путин гэдэг. Өөр “хувилбар” байхгүй, өөр хувилбар байх ч боломжгүй.

ОРОСЫН ЭРХ БАРИГЧДЫН ХАРИУ ҮЙЛДЭЛ

Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков:

-Тийм ээ, Путинд мэдэгдсэн. Бидний мэдэж байгаагаар холбогдох албадынхан тодорхой дүрэм, журмын дагуу үхлийн шалтгааныг тодруулахаар бүх ажиллагааг хийж байна.

Төрийн Думын дарга Вячеслав Володин:

-Навалныйн үхэлд Вашингтон, Брюссель буруутай. Үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт, мөрдөн байцаалтын дараа тогтооно. Гэвч үр дүнг хүлээхгүйгээр улс төрчид, найрсаг бус улс орнуудын тэргүүнүүдийн буруутгал, мэдэгдэл гарсаар байна. Энэ үед эхлээд Навальныйн үхэл өнөөдөр хэнд ашигтай вэ гэсэн асуултад хариулах ёстой. Навальныйн үхэлд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын удирдлагаас эхлээд Шольц, Сунак, Зеленский хүртэл буруутай.

Холбооны Зөвлөлийн сенатор Владимир Жабаров:

-Орос улсад Навальныйн эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар хор хөнөөл учруулах шалтгаан байгаагүй. Энэ бол осол гэж би бодож байна.

ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова:

-Навальныйн үхэлд НАТО-гийн орнуудын удирдагчид буруутай. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа бол барууныхны дүгнэлт хэдийнэ бэлэн болжээ.

“Шударга Орос – Үнэний төлөө” намын удирдагч Сергей Миронов:

-Навальныйн үхэл Оросын дайснуудад ашигтай. Түүний амиа алдсан шалтгааныг тодорхой болгож, барууны мэдээллийн халдлагыг няцаах арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ хэрэг Путины мэдэгдлийн дараа Оростой хэлэлцээр хийх боломжийн талаар ярилцаж байх үед гарсан. Өөрсдөдөө дүгнэлт хий… Үүний ард барууныхан бий.


ОХУ-ЫН ЭРХ БАРИГЧИД НАВАЛЬНЫЙН ЦОГЦСЫГ АР ГЭРИЙНХЭНД НЬ
ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ

Алексей Навальныйн цогцос Салехард дүүргийн клиникийн эмнэлгийн шарил хадгалах газарт бий гэж “Новая газета” мэдээлжээ. Хоёрдугаар сарын 17-ны байдлаар задлан шинжилгээ хийгээгүй байсан аж.

“Новая газета”-д эх сурвалжийн мэдээлснээр, Навальныйн цогцсыг эхлээд Лабытнанги руу хүргээд, хоёрдугаар сарын 16-ны орой Мира гудамжинд байрлах Салехард дүүргийн клиникийн эмнэлэг рүү шилжүүлжээ.

Салехард хотын түргэн тусламжийн төвийн ажилтан “Колонид нас барсан хүмүүсийн цогцсыг ихэвчлэн Глазкова гудамжинд байдаг Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт шууд хүргэдэг боловч Навальныйн цогцсыг эмнэлэгт хүргэсэн” гэж хэлсэн байна.

Алексей Навальныйн ээж Людмила өмгөөлөгчийн хамт, Оросын Мөрдөн байцаах хорооны
Салехард дахь бүс нутгийн алба

Алексей Навальныйн ээж Людмила Ивановна Навальная Салехард руу нисч, 3-р хорих анги байрладаг Харп тосгонд очсон талаар “Эрх чөлөө” радиогийн сэтгүүлч Елена Рыковцева мэдээлжээ. “Associated Press” агентлаг ч эл өдөр Харп хотод Навальныйн ээж ирээд буй зургийг нийтэлсэн байна.

Навальныйн ээж хоёрдугаар сарын 12-нд хүүтэйгээ хорих 3-р ангид ирж уулзжээ. Харамсалтай нь, хоёрдугаар сарын 16-ны өдөр хүүгээ нас барсан мэдээг дуулсан байна.

Zakon.kz цахим сайтад мэдээлснээр, Алексей Навальныйн ээж “Би хэний ч эмгэнэл илэрхийлэхийг сонсохыг хүсэхгүй байна” гэжээ. Тэрбээр фэйсбүүк хуудастаа “Би эмгэнэл илэрхийлэхийг сонсохыг хүсэхгүй байна. Бид хүүтэйгээ хоёрдугаар сарын 12-нд хорих ангид очиж уулзсан. Тэр амьд, эрүүл саруул, хөгжилтэй байсан” гэж бичжээ.

Оросын эрх баригчид өнгөрсөн Баасан гарагт чанга дэглэмтэй шоронд нас барсан Алексей Навальныйн шарилыг ээжид нь өгөхөөс татгалзсан байна. Тодруулбал, шоронгийн удирдлага талийгаачийн ээж Людмила Навальнаяд “Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарсны дараа шарилыг өгнө” гэж хэлжээ.

Эх сурвалж: THE BELL, BBC, VOA, MEDUZA, ZAKON.KZ
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу