Сэтгүүлч, залуу яруу найрагч Лутбатын Сайнбаярын “Ганц ар тал” яруу найргийн анхны түүвэр хэвлэгджээ. Зохиогч нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн төгсөгч, Утга зохиолын “Залуу нас” дугуйлангийн гишүүн юм. Шүлэг, яруу найраг гэгчийн тухай эргэцүүлэн энгийнээс энгийн амьдарч яваа түүний шүлгүүдээс тансаг, хөндүүр мэдрэмж авснаа нуух юун. Түүнтэй 2018 оноос эхлэн нөхөрлөж, энгийн тансаг амьдралын эрээн барааныг ярилцаж явна.No photo description available.

“Ганц ар тал” хэмээн нэрлэсэн нь юун түрүүн нэгийг бодуулна. Хүйтэн өдрүүдийн ард таны дэргэд хэн нэгэн байх шиг дотно зүйл үгүй биз. Харин яруу найрагчийн хувьд бүх зүйлийг тайвнаар мэдэрч суухдаа оргүй хоосон ч их том орон зай болохыг сэтгэсэн байж болох. Ингэхдээ “Ганцаардал” бол өөрийг нь түшиж буй “Ганц ар тал” юм хэмээн адилтгасан бололтой.

Анд явахад тань дагаж гүйсэн ч
Адуунд явахад тань санаж уйлсан ч
Үхэлд явахад тань үггүй хоцорсон
Үртэй байх ямар вэ? Аав аа…
Эл номд аавын тухай багагүй шүлэг багтжээ. Харин түүний сэтгэлд түм бумаараа бий. “Үхэлд явахад нь үггүй хоцорсон” өөрийгөө зүхсэн зүхэл, нүд дүүрэн нулимсыг арчаад бараагүй мөчийн тухай дөрвөн мөрт хамгийн тод уншигдсан юм.
Амьдралыг дүүргэгч нь өөрөө “дурсамж” л юм шиг. Дурсамжаар дүүрэн амьдрахад харамсах зүйл бага үлдэх байх гэж бодогдоно. Түүний номд ийм л энгийн хэр нь хамгийн гүнээсээ бичсэн шүлэг олон бий. Тэр бүрийг уншиж бодлогоширсноо энд бичих нь илүүц биз ээ.
Сэгсүүргэн дээлийнхээ энгэрт тамхины цог үсэргэж
Сэрүүн уулсын тэврээр адуу хариулсан, аав минь
Хашаагаа томсгох гэж хадаас тэгшилнэ
Хайраа тэлэх гэж хуруугаа өвтгөнө
Өвсний хөлнүүд тэнгэрт алхсаар
Өвөлд дэлхийг хүргэх бүрд
Өнгөрсөн зовлонгоо ижий минь мартаж
Өөрийн тань духыг үнсдэг байх даа
Инээж үнссэн уруулын мөрүүд
Ингээд үлдсэн нь үрчлээ болж дээ
Нулимстай өдрүүдийн ард цэлэлзэхийг
Нууж ханхайсан эцэг минь
Дурангийн хайрцаг шиг байшингаа
Дулаалж амжаагүй таныг өрөвдөхдөө
Жижигхэн амбаар, чагталж өрсөн түлээтэй
Жирийн энэ амьдралаа улам их хайрладаг аа.
Жир юмсын өнгө төрхийг одоог хүртэл  тэрбээр хайрлаж, хадгалж ирсэн мэт. Гоё сайхан бүхэнд олон үг хэрэггүй байдаг биз. Түүний найз нөхөд, ах дүү ч ийн хэлэлцдэг. Даруухан тогтуун нэгэн хүү, хэнд ч, хэзээ ч сайрхаж яваагүй. Чимээгүй мэдрэгч, чимээгүй хайрлагч, чимээгүй мөн утга учиртай амьдрагч. Харин чимээгүйн дундаас эгэл борог шүлгүүд төрдөг байх нь.

Эрх чөлөөгөө үүрсэн тагтаа

Энд тэндгүй хэрэн тэнүүчлэх

Нэгдүгээр сарын сүүлийн үдэш

Нэвширтлээ гуних минь

Гүг, гүг …

Эгэл бүхэн ямархан төгс гоо сайхантай болохыг гудамжны тагтаа, сандал, сүүдэр зэргээс ч мэдэрч чаддаг аж. Тэгээд чийг ханхалсан намрын орой их сургуулийн гудмаар шүлэг уншсаар алхдаг. Тийм их догдолдог залуу нас, тийм их гунигладаг нэгэн юмсанж.

2024.02.24, хавар эртийн ганц нэг үдэш сэтгэл сэргэм сайхан өнгөрдөг болжээ. Ийм өдрүүдийн нэгэнд түүний номыг эргүүлсээр явахдаа ээжийгээ хачин их санаснаа нуух юун.

Нанжин гахай гүлэм гүзээ болтол норсон 

Намрын бороотой үдшээр адуу манаад ирэхэд

Эвийлж намайг үнссэн ижийн минь нулимснаас өөр

Элэг зүрхэнд нэвчих рашаан би олоогүй…

Аргал, хөлс, нүгэл гурваар амталжээ
Бурхнаас нуугаад ахиад идье, ээж ээ
Борц нүдэх чимээ зүрхний тань цохилт шиг
Бор гэртээ хэн ингэж их хоргоддог билээ…
Аавын дээл таарч эхлэхэд орчлонд би багтахгүй
Ийм уудам сэтгэлийг борцтой шөлөөр цатгах
Аавын дээл багадаж эхлэхэд орчлонд би
ганцаардахуй
Ийм гунигт хүмүүнийг борцтой шөлөөр
тайтгаруулах
Борог өвсний толгой хадуурын хоолойд үлдэх шиг
Бодлоо би гэртээ орхиод одоо энд тэнэгээр
амьдрах
Борц нудэх чимээ ээжийн амьдыг сануулах
Бөөрөнхий мөлгөр орчлонд хэн ингэж их хоргоддог
билээ…
Аргал, хөлс, нүгэл гурваар амталжээ
Бурхнаас нуугаад ахиад идье, ээж ээ
2017 ОН

Энгэр задгай алхахаар дулаахан орой биш ч гэлээ, ийм шүлгийн ард тэнгэр ширтмээр болсон юм. Олон барилгын дунд жаахан давчуу тул өөр ямар ч хамаагүй зүйл олж өөрийгөө сатааруулаад, уртаар амьсгалмаар болж билээ. 

Борц нүдэх чимээ зүрхний тань цохилт мэт

Бор гэртээ хэн ингэж их хорогддог билээ …

Хүүхэд ахуйд тийм гэнэн, энгийнээр аз жаргалыг мэдэрч байсан атал одоо тагтааны нуруугаа үүрч алхахад нь ч эмзэглэмээр их эргэцүүлж сууна гэдэг сонин зүйл.

Бороотой, цастай хоосон, дүүрэн гээд олон өдрийнх нь хөг эгшиг энэхүү номд шингэжээ. Одоо таны урд ч байж мэдэх шүлгийн түүвэрт гундуухан хотын юмс бүхэнд бичсэн шүлэг бий. Аав, ээждээ, найз нөхдөдөө, хайртай хүндээ, мууранд, гудамжны нохойнд, гуниг гутралыг хуваагч гэрлийн шонгуудад гэх мэт. Бүх зүйлтэй ярилцах мэт энэ их ганцаардал л түүний найдвартай ганц ар тал байсных биз. Тиймдээ өөртөө өөрийгөө авч үлдсэн мэт сэтгэгдэл төрнө. Ийм шүлгүүдийг уншаасай гэж хүснэ.

“Эжымни” дуулахад

Гэрлийн шон цасаар уйлна

Гудамж дахь золбингуудын нэг, би

Гурван жил өмссөн хулхи гутлаа

Өдөр бүр тослох, өөр болгох

Гэрэлт ирээдүй рүү хашхирч

Олон өдрийг туулна

Олон өдөртэй тулгарна

Зам минь салж, эндээс одоход…

“Эжымни” дуулсаар

Ээжийгээ санасаар

Эргээд ирэхэд

Гэрлийн шон цасаар уйлна.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу