Сонгуулийн жил эхэлж, улстөрчдийн солиотой гэмээр үйлдлүүд сошиал орчинд илт нэмэгдэх болов. Хэр баргийн зүйлд хий гаргаад байдаггүй, дипломатч түшээ Д.Цогтбаатар гэхэд цасан дээр хөл нүцгэн байгаа бичлэгээ оруулсан байна лээ. Хамрын ханиад хүрдэггүй хамгийн чка арга энэ бололтой. Хамгийн наад захын жишээ энэ. УИХ-ын гишүүд энд тэнд малчны хотод шагнал тарааж, малчдын аманд орчих нь холгүй үгийг нь сонсож, малгайн үсээ сэргээж явна.

Дөрвөн жилд нэг удаа зарладаг хайр нь энэ юм. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг цагаан сар ажлын өдрүүдээр таарбал ажлын тав хоног амардаг хуулийн төсөл санаачилна гэчихсэн тууж яваа харагдах. Хүмүүст таалагдаж байвал тэд ямар ч нүглийг дааж давахаар болсон харагдана.

Харин зуд турхан хэцүүдэж, зургаа долоон малаа бараад малчин түмэн амаргүй байна. Сонгуулийн жил болохоор юу ч өгч болохгүй хэмээн ганцхан хариултаар тус хүссэн хүмүүсийн амыг таглаад удаж байгаа юм. Томсгосон тойргоор сонгууль болох тул том хэмжээний хайр зарлах ёстой. Нэг аймгийн хэмжээний хайраар тэд нэг аймгийн хэмжээний санал л авна. Тиймээс гурваас дөрвөн аймаг дамнасан том хайр юу байх вэ хэмээн эрэлд гараад байгаа гэх.

Багийн төвийн дээвэр, сургуулийн хана тааз будах ажил тэдэнд дэндүү багадаж эхэлсэн. Эсхүл дөрвөн аймгийн сумдын сургуулийн хана таазыг зэрэг будахгүй бол гомдох аймгууд олонтой болов. Улс төрд угийн мөнгөтэй хэсэг бүлэг бий. Тэд ганц аймагт мөнгө тараах бус дөрвөн аймагт мөнгө тараах хэрэгтэй болж байна. Тиймээс яалт ч үгүй том хайраар услахгүй бол томоохон санал авна гэдэг хэцүү.

Улс орон хэцүүдэж, улам л доройтож байгаа ч улстөрчдийн харц дээшээ, ухаан санаа улам саруулсаж, сонгууль дөхсөн өдрүүдэд сойлго уяагаа хэрхэн тааруулж байгаагаа сошиал орчинд дэлгэсээр байх биз ээ.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу