Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2024.02.19) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулав.

Ажиллах хүч: Хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая буюу 57.6 хувь нь ажиллах хүч, 915.9 мянга буюу 42.4 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний 1.2 сая буюу 96.1 хувь нь ажиллагчид, 48.8 мянга буюу 3.9 хувь нь ажилгүй иргэд байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.6 мянгаар буюу 3.3 хувиар, өмнөх улирлаас 3.5 мянгаар буюу 0.3 мянгаар өсөж, ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 15.8 мянгаар буюу 24.5 хувиар, өмнөх улирлаас 17.2 мянгаар буюу 26.1 хувиар буурсан байна.

Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 54.9 мянга буюу 6.0 хувь нь цалин хөлс, орлого олох ажил хайх, эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 11.5 мянгаар буюу 26.6 хувиар, өмнөх улирлаас 15.0 мянгаар буюу 37.7 хувиар өсжээ.

Бүтээмж: Нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2015 оны зэрэгцүүлэх үнээр, 2023 оны IY улиралд 6.9 сая төгрөг, жилийн дүнгээр 24.8 сая төгрөг болж, өмнөх оноос 2.0 сая төгрөгөөр буюу 8.7 хувиар өсжээ. Томсгосон дөрвөн салбараар авч үзвэл, нэг ажилллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2023 онд өмнөх оноос уул уурхайн олборлолт, үйлчилгээ, аж үйлдвэр, барилгын салбарт өсөж, ХАА-н салбарт буурчээ.

Хэрэглээний үнэ: 2024 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.6 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны нэгдүгээр сард 12.3 хувь гарсан бол 2024 оны нэгдүгээр сард 7.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.7 нэгж хувиар буурчээ.

А.НОМИН-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу