Увс аймгийн Баруунтуруун сумын малчин Р.Эрдэнэбаттай холбогдож, зудын нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

-Танай нутаг хэр их цастай байна вэ?

-Цас ойролцоогоор тэгш газраа 45-47 см, шуурсан газраа 70-80 см зузаан байна. Хүнд байна аа. 

-Танайх хичнээн бог, бодтой вэ, хичнээн толгой мал хорогдов?

-Одоогийн байдлаар манайх 37 үхэр, 18 тугал, 11 адуу, 34 богтой үлдээд байна. Намар 300 гаруй бог нядалж зараад, мөнгөөр нь өвс, тэжээл авсан юм. Бог малаа цөөлсөн учир харьцангуй гайгүй байна. Хоёр үхэр, дөрвөн адуугаа зуданд алдчихсан. 

-Намар малаа зарж, тэжээл авсан гэлээ. “Зуд турхан болохоос сэрэмжилж, малчид өөрсдөө сайн бэлдэцгээх байсан юм” гэж зарим хүмүүс хэлж байна. Та бүхэн намар бэлтгэлээ хэр базаасан бэ. Хичнээн өвс, тэжээл бэлдэж авсан бэ?

-Манайх малчны зээлтэй. Нэмж авах боломжгүй учир тэжээл авахын тулд, мөн энэ өвөл хахир байхыг тооцоолж бог малаа нядалсан юм. 300 богоо зарж, 25 орчим сая төгрөгтэй болсон. Түүгээрээ зургаан машин өвс, 500 боодол пресс өвс, гурван тонн тариа авсан. Бүгд дуусаад, саяхан дахиад 600 боодол пресс, нэг тонн тариа нэмж авсан. Одоо өвс, тэжээлийн хомсдолд орж байна. Чадах бүхнээ хийж байгаа боловч энэ жил хүнд байна. 

-Танай нутагт өвс, тариа ямар үнэтэй байна вэ?

-Нэг пресс 25-26 мянга, нэг тонн тариа 1,5 сая төгрөгийн үнэтэй байна.

-Улсаас дэмжлэг үзүүлж байна уу?

-Улсын нөөцөөс таван пресс өвс, хоёр уут хивэг тус тус 50 хувийн хямдралтай авсан. 

-Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ хүрээнд өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор болж, өчигдрөөс тээвэрлэж эхэллээ. Сайд нараар ахлуулсан багууд орон нутаг руу хөдөлсөн. Танай нутагт Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ажиллаж яваа. Эхний ээлжинд нэн хүнд байгаа малчдад өвс, тэжээл хүргэнэ гэсэн. Танай суманд очих сураг дуулдаж байна уу?

-Өрхүүдээс мэдээ авч байгаа юм билээ. Манай багийн удирдлагууд өвс, тэжээлийн үлдэгдэл хэр байгаа талаар биднээс асуусан. Манай суманд өвс, тэжээл олгох шийд хараахан гараагүй гэсэн. Ямартай ч мэдээ өгөөгүйгээс болж хасагдах вий гээд асууж байна лээ. 

-Малчны зээлтэй гэсэн. Өвөлжилт хүнд байгаатай холбоотойгоор малчдын зээлийг тэглэх, эсвэл хойшлуулах сураг дуулдсан. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Манайх одоохондоо зээлээ яаж төлөхөө мэдэхгүй байна. Тэр талаар бодож байгаа юм алга. Яаж нэмж өвс, тэжээл авах талаар л бодож сууна. Малчны зээлийг тэглэдэг бол том ачаа хөнгөрнө. Гэхдээ тэгж болох эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Бид үнэндээ зутруу, ядруу л байна.

Одоогийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь,  Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667,841 толгой мал хорогджээ. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байна.

Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1 хувь, Сүхбаатар аймаг 5.3 хувь, Хэнтий 2.8 хувь, Дорноговь аймаг 3.6 хувь буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давсан байна.  

Мөн Увс аймагт ажиллаж яваа УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлж буйгаар, зудын дөрвөн удаагийн үнэлгээгээр Увс аймаг “маш их эрсдэлтэй” ангилалд орсон. Хаваржилт бүх сумаар нийтлэг тун хүнд байна, тэр сум хүнд, тэр сум гайгүй гэж ангилахад тун хэцүү болжээ. Цас эрт ихээр орж, эрт дохио өгсөн тул малаа эрт олноор нь нядалсан ч үлдсэн малаа авч гарахад амаргүй байгааг малчид хэлсэн байна.

Олон жилийн дунджаас хүйтэн, цас эрт ахиу орсон, салхи шуурга ихтэй байна. Үе үе хүчтэй шуурч, цас ихээр орох тохиолдол олонтаа давтагдаж байна. Долоо хоног бүр малын хорогдлын тоог шинэчлэн гаргаж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 23.442 мал хорогдсон байдалтай байгаа бөгөөд энэ тоо өдөр бүр нэмэгдэж буй ажээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. My wife, Lee and I , first met Elaine in the summer of 2018 when we moved to Edmonds and visited the Louve Coffee House Bruce and Elaine were regular there and Elaine and I were soon to consider ourselves as sister and brother Elaine and I are only one year apart in age, over the years since then we regularly saw Bruce and Elaine at North Sound Church Bruce’s care for Elaine over the years was exemplary Their’s was truly a marriage for better or worse in sickness and in health Our lives have been significantly touched by having known them

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу